Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулдаг. Иймд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ сэдвийг хөндлөө.

Цахим мөрийтэй тоглоомд донтож, байр, автомашинаа зарсан залуугийн яриа

“ГУРВАН ЖИЛД НЭГ ТЭРБУМ 300 САЯ ТӨГРӨГ АЛДСАН”

Иргэн Х.С: –Миний ойрын найз онлайнаар покер тоглодог байсан юм. Би мэддэг ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод, 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад, болох юм байна гэж бодоод, тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчихаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд, тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод, алдах хэмжээ нь ч улам их болчихсон.

Ний нуугүй ярихад, би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглоод хадгаламж руугаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Тэгээд бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж алдаад. Өрөө авах гээд над руу залгаад болохгүй болохоор нь эхнэртэй яриад, бүх зүйлээ хэлсэн. Тэгээд л хэрүүл үүсэж, эхнэр салаад явсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.

Хохирол амсаж уналтад орсон үедээ хэнд ч хэлж тусламж авах, зөвлөгөө хүсэх талаар бодогдоогүй. Жаахан л хүлээчихвэл болчих юм шиг санагдаж, тоглоод л байсан юм. Худлаа ярьж мөнгө зээлдэг, хоосорсон үедээ уур хүрч бухимддаг болчихсон. Хүн бүхэн тэнэг мангараар нь дуудаж “Боль, “Зогс” гэдэг байсан ч маш их өртэй болчихсон болохоор тоглож л мөнгө олох юм шиг санагддаг байлаа.

Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хальт хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад, мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед харахад тоглогч нарын хөзрийг бүгдийг цаанаас нь хянаад, хараад байж байдаг юм билээ”

Энэ мэтчилэн амьдралынхаа үнэ цэнтэй бүхнээ алдсан олон харамсалтай тохиолдол бий.

“МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДОНТОХ ЭМГЭГ АРХИНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ИЖИЛ ТҮВШИНД ИРЧИХЛЭЭ”

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, Донтох эмгэг судлаач Ж.Гантулга Мөрийтэй тоглоомд донтох гэдэг хүндрэхээрээ сэтгэцэд хортой нөлөөтэй. Эхлээд сонирхож оролдож үздэг, дараа нь мөрийгөө ихэсгэх, тавьсан мөнгөө алдах, алдсан мөнгөний хэмжээ ихсэх тусам бусдад хэлэхээс эмээх, дотроо шаналах хэр нь дахиж тоглоод олчих юм шиг санагддаг. Үүнээс үүдээд энэ үйлдэл нь хэвшил мэт болж донтолт үүсдэг.

Донтолтын эхний шат буюу тоглоомд улайрч эхэлж байх үед сэтгэл зүйч, ойр дотнын хэн нэгэнтэй ярилцах нь үр дүнтэй. Хэрэв сэтгэл санаа хэвийн бус, зан аашид өөрчлөлт орсон, хэт ганцаардмал, турж эцсэн, ажлын бүтээмж муудсан байвал яаралтай мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Байж сууж чадахгүй хэмжээнд хүртлээ донтдог.

Донтолт яг аль шатандаа явж байгаа вэ гэдгийг тодорхойлох нь эхний алхам. Үүнээс дараа дараагийн арга хэмжээг бүрэн тогтоож болдог.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мөрийтэй тоглоомд донтсон иргэд хандах тохиолдлын тоо ихэссээр байна. Хэвтэж эмчлүүлэх ч тохиолдол бий. 5-10 жилийн өмнө бол бараг байхгүйтэй адил байсан бол одоо тусдаа ажлын хэсэг, тасаг байгуулах хэмжээний болсон байна. Архинд донтох эмгэгтэй бараг ижил түвшинд ирчихлээ шүү дээ.

Өмнө нь тоглоомыг тоглож, алдаж, сэтгэлзүйн хямралд орсон ч түүнийгээ даван туулсан иргэдээр мэргэжлийн хүнийг оролцуулан, баг бүрдүүлж, энэ төрлийн эмгэгтэй хүмүүст тусламж үзүүлж, ярилцах чиглэлээр бэлтгэгдээд явж байна.

Эцэг эхчүүд ч үр хүүхдэдээ багаас нь, дунд ангиас нь энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөрийтэй тоглоом гэж юу байдаг, түүний хор хөнөөл юу байна вэ гэх мэт. Мөн хүүхэдтэйгээ, ойр дотнын хүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Цаг зав гаргаад, хичээл ном, ажил төрөл нь хэр байна. Юу хийгээд яваад байна вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Хараа хяналтгүй, ярилцах хүнгүй хүмүүс донтолтод хурдан автдаг.

Цаашлаад сонор соргог байж, эргэн тойрны хүмүүстээ анхаарал тавих хэрэгтэй. Сайн сайхан бүхнээ л алдана уу гэхээс хэзээ ч юм хожихгүй. Хохироод л дуусдаг. Амьдралаа мөрийнд тавьж байгаа хэрэг шүү дээ. Эрүүл хүн хэзээ ч амьдралаа бооцоонд тавихгүй. Гэтэл мөрийтэй тоглоомд донтоно гэдэг анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй асуудал гэсэн үг”

Таны ойр дотнын хэн нэгэн цахим мөрийтэй тоглоом тоглож байвал “Нэг ч төгрөг хожих боломжгүй, зарцуулсан бүх мөнгө чинь танд эргээд хэзээ ч ирэхгүй” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Цахим мөрийтэй тоглоомоос та хэзээ ч хожихгүй.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу