УИХ-ын чуулганы Пүрэв (2023.11.30) гарагийн нэгдсэн хуралдаанаар Авлигын дагнасан шүүх байгуулах талаар хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нам харгалзахгүйгээр авлигатай тэмцэх учиртай. Тиймээс МАН-ын авлигатай тэмцэх тэмцэлд өнөөдрийг хүртэл хамт яваа. Тухайлбал, Хөгжлийн банкны сонсгол хийх санаачилгыг Д.Ганбат гишүүн бид гаргаж байсан. Сонсгол амжилттай болсон. Гэтэл үр дүн нь хаана байна вэ. Дунд шатны цөөхөн албан тушаалтнууд ял авсан. Эрх мэдэлтнүүд ял аваагүй. 

Мөн би нүүрсний асуудалд 40 их наядын хулгай байна гэж тооцоолж, олон нийтэд дэлгэсэн. Ингээд хяналтын сонсгол санаачилсан. Гэтэл үүнтэй холбоотой шүүхийн шатанд шийдэгдсэн нэг ч хэрэг алга. 

Үүнээс илүүтэйгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн хулгайн асуудал долоон жил өнгөрч байхад шийдэгдсэнгүй.

Худалдаа хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочтой Д.Эрдэнэбилэг тухайн үед Монголбанк, Сангийн яамыг кассын машин шиг ажиллуулж байсан шүү.

Засгийн газрын хуралдаанаар оруулж, нууцалсан гэрээнээсээ нэг их наядын хулгай хийсэн. Тэр баримтыг нь хоёр жил хөөцөлдөж байж саяхан нууцаас гаргууллаа.

Жирийн иргэн мөнгө зээлэх гэхээр баталгаагүй бол өгөхгүй. Гэтэл Д.Эрдэнэбилэг Засгийн газрын хуралдаанд нууцаар оруулаад нэг их наядын баталгаа гаргуулсан. Мөн гурван жилийн хугацаанд ханшийнхаа эрсдэлийг Монголбанканд үүрүүлсэн. Үр дүнд нь Монголбанк нэг их наядын ханшийн эрсдэл үүрсэн байдаг шүү. Энэ хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ.

Энэ байдлаараа хяналтын сонсголын дараа нүүрсний хэргүүд шийдэгдэхгүй юм биш биз дээ” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу