Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерт “Yutong Bus” компани шалгарчээ. 

Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд нийтийн тээврийн 600 автобус худалдан авах тендерийн материалыг задалсан билээ. Тендерт дараах таван компани материалаа ирүүлсэн юм. Үүнд,

  • Майнс ап (Тендерийн үнэ – 178 тэрбум төгрөг)
  • Xiamen King Long United Automotive (Тендерийн үнэ – 147 тэрбум төгрөг)
  • Yutong Bus (Тендерийн үнэ – 165 тэрбум төгрөг)
  • Xiamen Golden Dragon Bus (Тендерийн үнэ – 156 тэрбум төгрөг)
  • China North Vehicle (Тендерийн үнэ – 52 сая төгрөг) зэрэг компаниуд байсан.

Эдгээрээс 165 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Yutong Bus” компанийг шалгаруулсан байна. 

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг хийж дуусгасан. Таван үйлдвэрлэгч оролцсоноос Хятадын “Yutong Bus” тендерт шалгарсан. Тиймээс гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдлээ хүргүүлэхээр шийдсэн.

Дэлхийд номер нэг борлуулалттай евро стандартын брэнд шалгарсан.

Барууны брэндийг яагаад шалгаруулж болдоггүй юм бэ гэж олон нийт асуудаг. Германы автобусуудын нэг бүрийнх нь үнэ 300-350 евро буюу тэрбумаас дээш төгрөг байдаг. Харин одоо тендерт шалгарч буй автобусуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах гэж байгаа” хэмээн хэллээ. 

“Yutong Bus” компанийн албан ёсны сайт руу нэвтрэн харвал, тус компани автобус, тусгай тээврийн хэрэгсэл, ачааны машин, барилгын машин механизм, эд анги, эд анги үйлдвэрлэх таван баазтай ажээ. Франц, Их Британи, Дани, Норвеги, Австрали, Саудын Араб, Казахстан, Мексик, Катар, Этиоп зэрэг 40 гаруй улсад автобус нийлүүлж байсан туршлагатай. Тэдний үйлдвэрлэдэг том, дунд оврын автобусууд дотоодын зах зээлийн 28.2 хувийг эзэлж, Хятадад жил дараалан борлуулалтаараа тэргүүлж буй аж.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас он дуусахаас өмнө 300 гаруй автобусыг оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Он дуусахаас өмнө эхний 300 гаруй автобусыг оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Үлдсэн автобусуудыг 2024 оны эхний улиралд багтаан оруулж ирнэ.

Автобус худалдаж авснаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдээд дуусаж байгаа гэсэн үг биш. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх асуудал иргэдийн дунд яригддаг. Үүнд нь шаардлага тавихаар ажлаа орхиод явчихдаг. Энэ нь тэдний цалин бага байгаагаас болж буй талаар шүүмжлэл бий. Тиймээс жолооч нарын цалинг тодорхой хэмжээнд нэмэхээр болсон” хэмээсэн юм. 

Ногоон автобусанд “хууртсан” иргэд автобус худалдан авах ажлын үе шат бүрийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд жавар тачигнасан өвлийн хүйтэнд автобус хүлээж зогсохдоо чанартай автобус яаралтай авахыг хүлээж буй. Харин он дуусахад ганцхан сарын хугацаа үлдсэн байхад хүлээлтэд хүрэх 300 автобусыг амжиж оруулж ирэх эсэх нь эргэлзээтэй байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу