Оюу толгойн ашиг орлогын гол цөм нь гүндээ бий.  Тус ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүд оршдог юм. Тус ордын гүнд зэс, алт болон мөнгө агуулсан хэд, хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Геологийн судалгаагаар уурхайн гүнд хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүдтэй. Олборлолт хийхийн тулд мэдээж гүнээс олборлолт хийх шаардлага үүснэ. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн уурхай болж, дэлхийн зах зээлд гол тоглогчдын нэг болно. Тоон утгаар илэрхийлбэл “Оюу толгой” компани 5 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ. Гэхдээ одоо бидний өгүүлэх түүх арай өөр. Нетфликсийн драмуудаас ч илүү адал сонин явдал туулсан Оюу Толгойн гүний уурхайн анхны олборлолт энэ сарын 13-ны дваа гарагт эхлэх гэж байна.

Далд уурхайн дажинтай гэрээ

Монголд үйл ажиллагаа эхлээд яг таван жилийн нүүртэйгээ золгох гэж байхад далд уурхайн дажинтай гэрээ эхэлжээ. Эхлэх эхлэхдээ бүр өөр улсын өөр хотод эхлэх хувьтай байж. Хожим нь “Дубайн” гэж тодотгох далд уурхайн гэрээ хэд, хэдэн зүйлээрээ хэрүүлийн бай болсон юм. Нэг талдаа хөрөнгө оруулагч тал, нөгөө талдаа Монголын талд ч хэд, хэдэн зүйлээр хохиролтой энэ гэрээ одоо ч улстөрчдийн сөхөх дуртай түүх, гэрээ байгуулсан улстөрчдөд мартах ёстой дурсамж болж түүхэнд үлджээ. Хамгийн маргаантай нэг зүйл байсан нь 4.2 тэрбум ам.долларыг гаднын банкнуудаас авахаар тусгасан байна. Уг мөнгийг Оюу толгойн төсөлд биш шууд “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж, улмаар ашиглана гэж заасан байдаг. Өнгөрсөн жил 34 тэрбум ам.долларын өрийг тэглэлээ гэж шуугиад байсан нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг Монголын тал төлөхгүй болсон гэсэн үг юм.

Дараагийн том “но” бол нэг гэрээгээр, нөгөө гэрээг өөрчилсөн явдал. 2009 онд байгуулсан Оюутолгойн үндсэн гэрээ Дубайд гарын үсэг зурснаар өөрчлөгдсөн утгыг энэ гэрээ илтгэж байжээ. Тухайлбал 2009 онд баталсан Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар талууд зөвхөн бичгээр харилцан тохиролцсоныг “гэрээний өөрчлөлт” гэж үзэхээр зохицуулсан юм. Хуульд зааснаа бол “Дубайд” гарын үсэг зурснаар үндсэн гэрээ болох 2009 оны гэрээ өөрчлөгджээ. Чухам үүнээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын ч, Монголын талын улстөрчдийн дунд ч 7 жил үргэлжилсэн урт маргааны эхийг тавих болно.

Хууль зөрчсөн Засгийн газар

Одоогоос дөрвөн жилийн өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэгэн шийдвэр гаргаж барайлгаж байв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12-р сарын 05-ны өдрийн мэдэгдэлдээ “Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан гаргасан дөрвөн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэж байна” гэв. Шүүхийн шийдвэрийг нэг бүрчлэн тайлбарлавал. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана” гэснийг. Мөн тус хуулийн 17.3-т  “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэв. Түүнчлэн тус хуулийн 20.3-т заасан “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна” гэснийг мөн хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана” гэснийг тус, тус зөрчсөн гэж үзжээ. Хэдийгээр Ч.Сайханбилэгийн кабинет хууль зөрчсөн ч “Дубайн гэрээг” бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх шалтгаан болохгүй, уг гэрээнд заасан бусад заалтаар зохицуулагдана гэдгийг тайлбарлаж байлаа. Тухайн үед Ч.Сайханбилэгийн хамгийн дотны найз гэгдэх С.Баярцогт Дубайн гэрээг байгуулж болохгүй гэдгийг анхааруулан, Засгийн газрын хуралдаан дээр ам муруйн гарч одсон гэдэг. 

Хэтэрсээр байсан төсөв

Эхний тавд орох ерөөлтэй гүний уурхайн шүдний өвчин нь хэтрэх төлөвтэй зардал байлаа. Оюу толгой компани ч, Рио Тинто компани ч 2020 оны зун гүний уурхайн зардал хэтэрнэ гэдгийг анхааруулсан юм. Зардал нэмэгдэж байгаагийн хамгийн том шалтгааныг тэд геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан. Тэдний анхааруулгаас яг нэг жилийн өмнө 2019 оны зургаадугаар сард “Оюу толгой”-ын гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, төлөвлөсөн зардал нэмэгдэж байгааг олон нийтэд мэдэгдсэн юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллароос давж 6.5-7.2 тэрбум ам.доллар болж хойшлов. Эн энь анхны тооцооллоос 1.2-1.9 тэрбум ам.доллароор давж буй хэрэг. Нөгөөтэйгүүр ашиглалтад орох ч хугацаа ч анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилж 2023 оны дунд үед ашиглалтад орохоор болсон билээ. Энэ мэдэгдэл хөрөнгө оруулагчдын дунд багагүй маргаан дэгдээгээд амжсан. Багагүй маргаан нь яв явсаар экс ажилтан анхааруулсаар байтал төлөвлөгөөндөө тусгаагүй мэргэжлийн алдаа болсон гэж Рио Тинто-д Монголыг хариуцаж байсан ахлах менежер сонинд шүгэл үлээсэн юм. Гэвч энэ нь ердөө л халагдсан ажилтны хорсол гэдгийг компанийн зүгээс мэдэгдэж байлаа. Тэр ажилтны хэлсэн үнэн бол зардал нэмэгдэх, хугацаа хойшлох тал дээр аль 2018 онд л удирдлагууд нь мэдэж байсан хэрэг. Тэрбээр 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараар хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, “Далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Хамгийн сүүлд өнгөрсөн зун гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын зардлыг 300 сая ам.доллароор нэмэгдүүлсэн юм. Ингэснээр төслийн нийт өртөг 7.06 тэрбум ам.долларт хүрч, 2015 оны анхны тооцооноос бараг 1.8 тэрбум ам.доллароор хэтэрсэн юм.

*                                           *                                           *                                       * 

Нетфликсийн цувралуудаас ч адармаатай түүх түүлсэн гүний уурхай ийнхүү даваа гарагт нээлтээ хийх гэж байна. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид шүүхээр асуудлаа шийдэх дээрээ тулж, дараа нь Рио Тинто компани “Туркойз Хилл”-ийг худалдан аваад өөртөө нэгтгэсэн. Энэ нь нэг талдаа олон толгойтой биш нэг толгойтой болсон ч, манай талд асуудлаа шийдэхэд илүү ээдрээтэй боллоо ч гэж дүгнэж болох талтай…

Б.ТАМИР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу