Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 41” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин. Түүний цэл залуухан дүр төрх болоод яруу найргийн олон бүтээлээр нь уншигч та эчнээ таних биз ээ.

Цав цагаанаар хучигдсан мододтой их сургуулийн гудамжаас холдож, түүнтэй ярилцахаар зорилоо. Залуу сэтгүүлч би бээр түүний талаар бодвол хамгийн түрүүнд эл шүлэг аманд орно.

“Амьдрахад чи бид хоёрт яасан их зүйл хэрэгтэй юм бэ, хайрт минь
Аниргүй хоёулхнаа амьдрах орон байрнаас өгсүүлээд
Ор, дэр, тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи минь надад мэдрүүлсэн юм шүү” 
Аниргүй хоёулханаа амьдрахын амар тайвныг, сэтгэл мэдрэмжийг” хүсэмжилсэн уг шүлгээс энгийн бүхний гоо сайхан харагддагт дурладаг юм. Тиймдээ ч өөрөө шүлгээ уншихдаа намдуухан зөөлөн хоолойгоор хүүрнэдэг.
“Хашааны буланд хураалттай модод
Нэгэн цагт борооны үнэрээр
Түүний тунгалаг дуслуудаар хайрлагдаж
Түүгээр тэжээгдэн тэтгэгдэж байсныг
Намар үг дуугуйхэн ирээд хөрөөдсөн эр мэдэх болов уу?
Хашаа ч бас ойн нэг хэсэг байснаа санадаг болов уу? …”
Энэ тэргүүт шүлэг санаж тэмдэглэх гэж хичээсээр, их хотын түгжрэлийг хүлцэн хүлээж даваад, түүний байгаа газарт ирлээ. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч гэдэг шиг инээвхийлж, бид мэнд мэдэлцээд, ширээний ард суулаа. Тэрбээр ярианыхаа дунд “Яруу найрагчид дуу шуутай, наргиан хоржоо,той хүмүүс байдгийг бага ахуйдаа өвөөгөөсөө мэдэрч байлаа” хэмээсэн нь одоогийн түүнээс ч харагдах аж.
-Танд өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа таны ном бичгийн үйл хэрэгт хамгийн анх нөлөөлсөн хүн тухай яриагаар эхэлье гэж бодлоо. Тэр хүн хэн байв?
-Аавын тал, ээжийн талын хоёр өвөө маань байна. Аавын маань аав Сүхбаатар аймгийн харъяат Болхан гэж хүн. Өдгөө амьд сэрүүн, миний дэргэд зааж зөвлөж явна. Ээжийн маань аав Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харъяат Д.Оросоо гэж хүн бий. Архангайн “Хөдөлмөр” сонинд насаараа ажилласан сэтгүүлч хүн байсан. Өөрийнхөө хэмжээнд сайхан шүлэг бичдэг, яруу найргийн хоёр гурван түүвэр хэвлүүлсэн байдаг. Багад манайд өнгөрсөн жилийн “Болор цом” наадмын тэргүүн шагналт зураач, яруу найрагч М.Амархүү ах, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б. Баярсайхан ах маань их орж гардаг байлаа. Тэдний хоорондоо ярьж, инээж хөөрч байгаа нь дотно санагдаж үлдсэн. Тэдний хоорондоо хөгжилдөж, нэгнийгээ явуулж, хөгжөөж, хөглөж байгаа нь их дурсамж үлдээсэн. Мөн бага насныхаа ихэнх сайхан дурсамжийг Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрөөсөн. Тэгэхээр хоёр талаас өвөө нар маань хоёулаа шүлэг яруу найрагт минь нөлөөлсөн байгаа юм.  
-Шүлэг яруу найргийн амтанд орсон оюутан насныхаа тухай хуваалцаач?
-Оюутан насанд хамгийн сайхан дурсамжууд маань бий болсон, хамгийн сайхан нөхдөө олж авсан. Монгол хэл, уран зохиолын сургалттай их, дээд сургууль бүрт утга зохиолын дугуйлан байсан. Хичээлийнхээ цагийг зөрүүлж тааруулаад, дугуйлангаар их явдаг байлаа. Эсвэл цонхтой цагаараа ч юм уу автобусандаа суугаад, чихэлдээд л бүлгэм, дугуйландаа явна шүү дээ. 
18-25 нас хүртэл хүн чинь дэврүүн, бадрангуй байдаг юм билээ. Уулыг эргүүлж, усыг мушгих юм шиг санагдаж явсан үе ч бий. Одоо харахад жаахан онгироодуу байсан байж магадгүй. Үеийнхэн “Ямар байснаа санаж яваарай” гэж зөвлөгөө өгсөн шүү, саяхан (инээв).
-Өнөөдөр залуу шүлэгчид хотын шүлэгт их элэгтэй болсон юм шиг санагдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Монголын яруу найраг, утга уран зохиол бол уламжлал, шинэчлэлээ хослуулж байдаг. Одоо хот ахуйтай, хот сэрэхүйтэй ч гэх юм уу. Ахуйгаар нь ангилаад байдаг болж. Би ямар нэгэн ахуйд баригдахыг хүсдэггүй. Аль болох уламжлалт ахуй, ухаан, мэдрэмжийг шигтгэхийг хүсдэг. Сайтар мартагдсан хуучин зүйл шинэ зүйл болдог гэж. Тэгэхээр сэтгэлгээний болоод уламжлалт ахуйн холбоосыг шүлэгтээ буулгахыг бас оролддог гэсэн үг. Гэхдээ үүнийгээ яг таг сайн хийчихдэг гэж хэлэхэд эрт байна. 
Хүн дандаа ирж яваа цагаа үгүйсгээд байхад дургүй. Одоогийн хүүхэд залуучуудыг харахад илүү боловсролтой юм болов у. Илүү гал халуунаар цуглаж, нэг нэгнээ хөглөж байгаа юм болов уу гэж хардаг. Гэхдээ шүүмжлэх нэг зүйл бий. Баялаг монгол хэлнийхээ хүчийг бууруулаад байх шиг санагддаг. Гэрэл гэгээг тунхаглахаас илүүтэй харанхуй талаас нь бичих гэж оролддог, чармайдаг болж. Үг өөрөө хүчтэй. Цус нөж, амьдралын хар бараан, цурхирлаа тунхаглаад байх шиг харагддагаас бусдаар бол сайхан. 
-Таны үргэлж бичихыг хүсдэг сэдэв?
Эх орон, байгаль, түүх гурав байна. Эх нутгийнхаа тухай сайхан шүлэг бичих юмсан. Үнэн бодит түүхээрээ бичиж үлдээх юмсан гэж зорьдог. Яруу найрагт мэдээж гоо зүй хэрэгтэй. Гоо зүйгээс гадна үнэн байх хэрэгтэй. Шүлэг бичих хугацаа гэж янз бүр. Зарим нь нэг өгүүлбэрээс цааш явахгүй хоёр сар, жил болох тохиолдол байна шүү дээ. Нэг суугаад шүлэг бичих тохиолдол надад бараг байдаггүй. Би их босож, сууж бичдэг. Хэсэг суусны ард өөр юм бодож дуу сонсож, явж явж эргээд ирдэг. Нөгөө бичсэнээ эргүүлж, тойруулж харна гэх мэт.
-Танд шүлэг яруу найргаас гадна ямар хобби байдаг вэ?
-Шинэ гарч ирж байгаа хамтлагуудын дуу хөгжмийг их сонсдог. Монголд төдийгүй дэлхий дахинд сэргэж байгаа пянз цуглуулдаг. Хуучин пянз тоглуулагчаар хуучны сайхан дуу сонсох шиг тансаг зүйл байхгүй. Сонсох мэдрэмж нь шал өөр байдаг зүйл. Мөн шинэ содон уран зургийн үзэсгэлэнг цаг алдалгүй үзэх дуртай. Нөгөө талаараа эх орноороо аялах дуртай. Бүх сумаа биш юмаа гэхэд бүх аймагтаа бол очсон. 
Уран зураг бол харах яруу найраг. Яруу найраг бол сонсох уран зураг. Хөгжим мөн сонсох яруу найраг. Байгаль дэлхий өөрөө яруу найраг шиг гайхам зүйл. Энэ бүхний шүтэлцээг мэдэрнэ гэдэг сайхан хэрэг. Юмс үзэгдэл бүхэн яруу найраг л байна даа. 
-“Болор цом”-ын тэргүүн шагнал хүртэх мөчид та гэгээн замд хөтөлсөн багшийгаа дурсаж байсан. Багшийнхаа тухай ярихгүй юу?
-П.Батхуяг багш маань маш их хөдөлмөрч, уран зохиолын олон төрлөөр жигд туурвиж байсан мундаг эрдэмтэн хүн байлаа. Бидэнд практик хичээлийг илүү зааж сургасан юм уу даа гэж боддог юм. Гудамжинд тааралдаад, нэг хүний номын баяр руу алхах ч хүртэл хичээл шиг байсан. Арга хэмжээн дээр ч нэг их олон үггүй, цөөхөн жинтэй үг хэлчихдэг хүн. Тэр номыг олж унш, тэр хүнтэй танилц, нэгнийгээ түшиж яваарай, нэг нэгийгээ голохгүй уншиж байгаарай гэх мэт. Хүнд туслах, хүнийг хүндлэхийг их захидаг байсан. Хэлсэн үг болгон нь хичээл шиг байж дээ.
-Шүлгийн наадам зохиох, шүлгийг уралдуулах гэдгийг та юу гэж боддог вэ. Олон нийт хоёр талт хандлагатай байдаг шүү дээ.
-Би тэмцээн уралдаанаар цэгнэх, өөрийн мэдрэмжийг өөрөө илэрхийлсэн гэхчилэн хоёр санааг хоёуланг нь дэмждэг. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх агуулга нь зүйн хэрэг. Нөгөө талдаа тэмцээн уралдаан нь өөрийгөө хаана явж байна вэ гэдгийг олж харах, мэдрэх боломж олгодог. Гэхдээ утга зохиол, яруу найргийн эцсийн шалгуур бол наадам тэмцээн биш. Одоо байгаа уншигчдаас гадна ирээдүй бидний бичиж үлдээснийг уншиж дүгнэнэ. Тэр шүүлтэд бид хэн нь хэнээрээ үлдэхийг мэдэхгүй шүү дээ.
“-Хавчаар” шүлэг анх хэрхэн цаасан дээр бууж байв?
-Энэ шүлгийн тухайд одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар их дэлгүүрт явж байсан юм. Тэр дэлгүүрийн хүлээлгийн сандал дээр сууж байтал гэнэт л ороод ирсэн. Их хурдан буулгасан, 2-3 минут л болсон байх. Тэр шүлэгт маань хүмүүс их дуртай юм билээ. Дараа нь “Хавар болж байдаг” гэх шүлгээ бас хүнд хүрч дээ гэж боддог юм. Хайрын шүлэг учраас гэгээн, гэгэлгэн талаас нь бодож бичсэн. Хавар өөрөө их нялх, энхрий улирал шүү  дээ.
Маш гоё мэдрэмж авч байсан ч бичиж амжихгүй алдах үе байдаг. Яруу найрагч хүн болгонд байдаг байх. Орж ирсэн санааг шүлэг болохгүй байсан ч тэмдэглэх хэрэгтэй. Утас ч бай, юу ч бай аваад л тэмдэглэх хэрэгтэйг ойлгодог болсон. Гэхдээ гар утаснаас өврийн дэвтрийг илүүд үзнэ. Хэдий техник технологи хөгжсөн ч гэсэн тэмдэглэлийн дэвтэр нэг л нандин байдаг юм. Бодсон санааг цаасан дээр буулгах, тэр үзгээс бэх дусаж үг болох, гараа хөдөлгөх гэх мэт. Яруу найрагч хүн бүр л энэ мэдрэмжид дуртай байх.
-Та ер нь хэр их ганцаарддаг вэ? Бусдыгаа бодвол яруу найрагч хүний гуниглах нь олон байдаг шиг санагддаг. Түүнийгээ хэрхэн туулж байна даа?
-Хүн ер нь л ганцаараа амьтан юм шиг байгаа юм. Хэдий хань ижил, найз нөхөд, аав ээж байсан ч гэсэн. Бурхан багшийн сургаал дээр байдаг. “Бүх юм болоод л өнгөрнө. Энэ орчлонд чи орь ганц гэдгээ мэдрэх хэрэгтэй” гэж. Ганцаардах үед доторх хүнтэйгээ ярина. Сэтгэл гэдэг эрхтэн гэж. Ганцаардах тусмаа илүү их уншиж, дуу сонсож сатаардаг. Өөртэйгөө, доторх хүнтэйгээ ярьдаг. Мэдээж энэ үедээ олж харсан, мэдэрсэн олон зүйл шүлэг болж буусан байдаг.
-Яруу найргийг дэлхий дахинд янз бүрээр бусдад хүргэдэг болсон. Дуулах шахам, уйлах шахам уншдаг. Бүр жүжиглэдэг. Таны бодлоор шүлгийг бусдад хүргэх хэлбэр тийм чухал уу, бичих нь л чухал уу?
-2018 онд Македон улсын Струга хотод болсон Дэлхийн яруу найргийн хамгийн том фестивальд оролцож байлаа. Дараа нь мөн 2019 онд Энэтхэг улсад Дэлхийн яруу найргийн 39-р их хуралд явсан. Тэндээс харж байхад тайзны уншлагын яруу найраг, үйл хөдлөлийн урлаг гэх мэтчилэн олон төрөл байдаг. Уйлмаар уйтгарт шүлгийг уйлж унших ч гэдэг юм уу. Эсвэл бүр цаасан дээр бичсэн шүлэггүйгээр гарч зогсоод, лаа асаах нь шүлэг байж болох хэмжээний сэтгэлгээний ондоошил, өөр өнцгүүдийг харж байсан.
Яруу найргийг юугаар ч илэрхийлж болох юм шиг. Монгол хэл бол Төв Азийн хамгийн сайхан аялгуулаг хэл. Нэг өгүүлбэртээ их олон нууц агуулж чаддаг. Монгол найргийг гадагшаа орчуулахад хэцүү гэж боддог. Хөгжлийн үйл явц нь чухам яаж эргэхийг мэдэхгүй юм. Яавал Монгол яруу найраг дэлхий хэмжээнд өндөрлөг дээр нь гарах юм бол гэж боддог. Нөгөө талдаа тэр оргилд гарах цаг ирнэ ч гэж бас санадаг. 
-Нийслэл хот маань ер нь таны нүдээр хэрхэн харагддаг юм бэ?
-Цомхон хэр нь их тансаг хот. Хэдий түгжрэл, утаа ихтэй боловч шинэ хуучин олон сайхан барилгууд байдаг, бүх зүйлдээ ойрхон гээд гоо зүй талаасаа их таашаадаг юм. Өсөж төрсөн энэ хот бол одоо ч миний дотор Азийн цагаан дагина хэвээрээ байдаг. Хамгийн дуртай гудамж маань Их сургуулийн гудамж. Хамаг сайхан залуу нас, сайхан найз нөхөд, дурсамжаа олж авсан газар юм. Их сургуулийн гудамжаар алхах нь тэр чигтээ яруу найраг шиг л санагддаг даа. Өнцөг булан бүр нь дэлгээд тавьсан зотон. Түүн дээгүүр нь хөлдөө будаг түрхээд алхаж байгаа юм шиг санагддаг.
-Гоо зүй, сайхан зүйл гэдэгт мэдээж бүсгүй хүн ч бас хамаарна. Таны хувьд бүсгүйн гоо сайхны тухай юу хэлэх вэ?
-Зүгээр миний л бодол шүү (инээв). Их гоё урт үс эмэгтэй хүнийг чимдэг юм болов уу гэж боддог. Бас энгэсэг будгаа тааруулсан их сайхан инээмсэглэдэг эмэгтэй хүн сайхан санагддаг.  Дотоод гоо зүй гэж нэг зүйл мэдээж байна. Уян зөөлөн, урсаж байгаа ус шиг байдаг байх. Эмэгтэй хүнд нэг их хүчирхэг байдал зохидоггүй юм. Өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэж, манлайлагч, хүчирхэг байхыг илүүд үздэг болчихож. Би үүний эсрэг байдаг. 
-Сайхан, муухай, өнгөрсөн, одоо ирээдүй гээд асар олон зүйлийг бодож тунгаахаас залхаж байсан уу? Яруу найргаас тэр тусам залхаж байв уу?
-Мэдээж робот биш юм чинь хүн бол залхана л даа. Гэхдээ яруу найргаас бол хэзээ ч залхахгүй. Яруу найраг бол хүнээс  их олон зүйл шаардаж, шаналгаж байдаг ч гэсэн хамгийн дээд эрхэм зүйл. Амьдралынхаа туршид үүнээс алхам ч ухарч хойш тавихгүй. 
-Баярлалаа танд. Ярилцлагаа таны нэг шүлгээр өндөрлөе гэж бодлоо. Дөрөвхөн мөр хэлээч?
Санаандгүй чиний зургийг олж үзээд 
Сайхан гэгч эхэр татлаа
Чих минь нулимсаар дүүрээд
Чиний тухай бодлыг дэр минь олж уншлаа
-Янжинлхам бурхан таныг үргэлж ивээг. Ярилцсанд баярлалаа.
А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу