Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж буй билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл өглөө.    

Тодруулбал, Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна.

Тус хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татжээ.

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.

Мөн дээрх яллагдагч нараас 1 хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Сануулахад, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 20-нд Авлигатай тэмцэх газраас “Сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн” хэмээн мэдэгдэж байсан. Дээр дурьдсан улс төрд нөлөө бүхий нэг этгээд нь УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу