“Мета” саяхан Хятадад байрладаг олон мянган хуурамч, төөрөгдүүлсэн аккаунтыг устгаснаа мэдэгдэв. Тэдгээр нь америкчуудын зургийг ашиглан, АНУ-ын улс төр, АНУ-Хятадын харилцааны тухай туйлширсан контент түгээхийг оролдсоор иржээ. Улмаар тэдгээр аккаунтуудад нийтэлсэн сэдвүүдийн дунд үр хөндөлт, соёлын дайн, Украинд үзүүлэх тусламж зэрэг олон асуудал байсан аж.

“Мета” эдгээр аккаунтуудыг Бээжингийн албаны хүмүүстэй холбоогүй байна. 2024 оны АНУ-ын сонгуулийн өмнөх энэ үед Хятадад төвтэй ийм хуурамч хаягууд илтэд олширчээ.

Facebook, Instagram, WhatsApp-ын толгой компаниас өнгөрсөн Пүрэв гарагт гаргасан аюулгүй байдлын тухай улирал тутмын тайланд сүүлийн үеийн мэдэллийг онцолсон байна. Хятадад төвтэй нийт 4700 гаруй аккаунт бүртгэгдсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс профайл зураг хууль бусаар авч, нэрсийг нь ашигласныг тогтоожээ.

Акаунтууд бие биенийхээ нийтлэлийг хуваалцаж, лайк дарахын зэрэгцээ зарим контентыг  X сүлжээ (хуучнаар Twitter)-нээс шууд авсан байжээ. Зарим тохиолдолд тэдгээр аккаунтад АНУ-ын Бүгд найрамдах нам, Ардчилсан намын аль алиных нь Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси, Мичиганы амбан захирагч Гретчен Витмер, Флорида мужийн захирагч Рон ДеСантис, төлөөлөгч Мэтт Гаэтз, Жим Жордан болон бусад хүмүүсийн бичсэнийг хуулж оруулсан байна.

Мөн Хятадад төвтэй аккаунтууд энэ оны эхээр Конгресс дэх Ардчилсан намын гишүүн Силвиа Гарсиагийн твиттерт бичсэн үгсийг хуулж нийтэлжээ. Тэрбээр Техасын үр хөндөлтийн тухай хуулийг шүүмжилж, “Үр хөндөлт бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдгийг санацгаая” гэж бичсэн байсан аж.

Мөн өөр нэг аккаунтад Бүгд найрамдах намын төлөөлөгч Ронни Жексоны “Татвар төлөгчдийн мөнгөөр ​​үр хөндөлтийг ХЭЗЭЭ ч санхүүжүүлэх ёсгүй” гэж бичсэн жиргээг хуулж, байршуулсан байжээ.

“Мета”-гийн тайланд “Хуурамч аккаунтууд нь намуудын хурцадмал байдлыг гааруулах, улстөрчдийг дэмжигчдийн дунд маргаан дэгдээх, мөн жинхэнэ контентыг хуваалцсан хуурамч хаягийг илүү жинхэнэ мэт харагдуулах зорилготой байсан уу гэдэг нь тодорхойгүй байна” гэж дурджээ.

Тус компанийн дүрмээр “зохицуулалттай хуурамч зан үйл”-ийг хориглодог бөгөөд бусад хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн тулд хамтран ажилладаг аккаунтуудын нийтлэлүүдийг оруулахыг хориглодог байна. Ихэнхдээ эдгээр аккаунтуудын контент худал биш бөгөөд томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үнэн, зөв мэдээг иш татдаг аж.

Гэхдээ хууль ёсны тайлбар, эсвэл мэтгэлцээнд ашиглахын оронд олон нийтийн санаа бодлыг удирдах, хагаралдуулах, тодорхой үзэл бодлыг ухуулах зорилготой байдаг байна.

“Мета” компани “Хятадын томоохон “сүлжээ”-г хэрэглэгчдийг байлдан дагуулахаас өмнө зогсоож чаджээ. Компанийн платформ дээрх хуурамч аккаунтуудыг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй Бен Ниммо хэлэхдээ, “ийм аккаунтууд үзэгчид”-ийг бий болгохын төлөө тэмцэгчид байгааг анхааруулсан байна.

Мөн “Гадаадын аюул заналхийлэгчид ирэх жилийн сонгуулийн өмнө интернэтээр дамжуулан хүмүүст нөлөөлөхийг оролдож байгаа тул бид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэжээ.

Тус компани мөн Украины түрэмгийллийн талаар англи хэл дээр голчлон нийтэлж, Telegram сувгуудаар сурталчилсан Хятадад төвтэй, Энэтхэг, Төвдөд төвлөрсөн хоёр жижиг сүлжээ, мөн Орост байрладаг хоёр жижиг сүлжээг тус тус олж илрүүлснээ мэдэгдсэн байна.

Компани тайландаа, “2016 оны сонгуулийн дараа “Мета”-г хуурамч кампанит ажилд анхаарлаа хандуулахад хүргэсэн Оросын сүлжээнүүд Украины дайнд анхаарлаа төвлөрүүлж, Киевт үзүүлэх олон улсын дэмжлэгийг сулруулахыг оролдсон” гэж дурджээ.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу