УИХ-ын чуулганы Баасан (2023.12.01) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал “ДАН системийн тусламжтайгаар хүүхдийг таних бололцоог бид анх удаа бий болгосон. Хүүхдийг “E-Mongolia”-д бүртгүүлээд таньсны дараа эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр “E-Kids” аппликэйшнд бүртгэж байгаа. Тус аппликэйшний тусламжтайгаар хүүхэд байршлаа эцэг, эх рүүгээ явуулах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар “E-kids”-ийг 15 мянган хүүхэд  хэрэглэж байна.

Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалтай холбогдуулаад “Google” компанийн төлөөлөл өчигдөр Монгол Улсад ирлээ. Тус компани манай улсад албан ёсоор орж ирэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Google family link” гэдэг аппликэйшнийг Монгол Улсад нутагшуулсан гэдгээ зарлалаа.

Өөрөөр хэлбэл, “Google family link” аппликэйшнийг монгол хэлтэй болгосон гэсэн үг. Таны хүүхэд “gmail”-тэй байвал “Google family link”-ийг татаж авч, ашиглах боломжтой. Үүгээр хүүхдээ ямар аппликэйшнийг хэдэн цаг хэрэглэж байгааг нь хянаж, хязгаарлаж болно.

Тухайлбал, Фейсбүүкийг 30 минут, Youtube-ийг 40 минут үзэх, 22 цагаас хойш интернэт орохгүй байх гэх мэт байдлаар тохируулж болно.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Emergency Location service” үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Энэ нь хүүхэд үүрэн холбооны ямар оператор хэрэглэж байгаагаас нь үл хамаараад “android” гар утастай бол дуут дохио өдөг систем юм. Үүнийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд нээнэ.

“Google” компани манай улсыг хүндэтгээд, ирсэн нь маш том дэвшил” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу