М.Пүрэвжав: Өвлийн улиралд мах сайн идэх ёстой гэдэг нь хотожсон нөхцөлд эргэлзээтэй

Хүйтний улиралд хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа. 

Ярилцлагын эхэнд тэрбээр хүн бүр мэдээлэл түгээгч болсон цахим шилжилтийн энэ үед мэдээлэлд цензуртэй хандаж, мэргэжлийн хоол зүйчдийн шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөөг хэрэгжүүлэхийг олон нийтэд анхаарууллаа. Цахим сүлжээнд “сайн” гэж бичсэн бүхнийг туршиж, хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм.   -Өвөл мах, өөх тос сайн хэрэглэх хэрэгтэй гэсэн яриа цахим сүлжээнд хөвөрч байна. Энэ хэр зөв мэдээлэл вэ?

-Манай улс бэлчээрийн мал аж ахуйтай. Тиймээс хүмүүс өвөл идшээ бэлдэж, махны нөөцөө хангаж авдаг. Дээр үед бэлтгэсэн махаа туламд нь боогоод, хөр цасан дор дардаг уламжлалтай байсан. Тэр уламжлалаараа бид одоог хүртэл идэш бэлтгэж байна. Гэхдээ хүмүүсийн хэлээд байгаа шиг өвлийн улиралд өөхтэй мах идэх ёстой гэдэг яриа бол одоогийн хотожсон нөхцөлд эргэлзээтэй.

Тухайлбал, хөдөө жилийн дөрвөн улиралд гадуур явах, морь унаж, малаа хариулах шаардлага үүсдэг. Тэгэхээр хүйтний улиралд илчлэгийн зарцуулалт нэмэгдэнэ. Тийм учраас махыг их хэмжээгээр хэрэглэж болно.

Гэтэл Улаанбаатар хотын хүмүүс халуун байр, дулаан гэрт амьдарч байна. Гэрээсээ гараад, машинд сууж байна. Машинаасаа буугаад, ажил руугаа орчихож байна. Ийм нөхцөлд хүйтнийг мэдэрч, илчлэг зарцуулалт нь нэмэгдэхгүй. Одоо манай улсын нийт хүн амын 30 хувь нь нүүдлийн соёлтой амьдарч байна. Бидний амьдралын орчин өөрчлөгдөөд, түүнийг дагаад хоол тэжээлийн хэрэглээгээ зохицуулахгүй бол олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болно.

Мах бол үнэхээр шим тэжээлтэй хүнс мөн. Хүн төрөлхтөнд маш чухал хүнс учир гаднын орнуудад үнэтэй байдаг. Үхрийн мах, хонины мах зэрэг нь сайн чанарын махны тоонд орно. Хэдийгээр шим тэжээлийг сайн хангадаг ч хэрэглээгээ зохицуулахгүй бол янз бүрийн өвчний эх үүсвэр болно. Улаан махны хэрэглээ нэмэгдээд ирэхээр бүдүүн гэдэс болон гэдэсний өвчлөлүүд нэмэгдэж эхэлдэг. Тийм учраас монголчуудын дунд бүдүүн гэдэсний өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь хоол хүнсний хэрэглээнээс болж үүсэж байгаа нь тодорхой. Тэгэхээр хэрэглээгээ л зохицуулах ёстой юм.

-Тэгвэл хүн өдөрт хэр их мах хэрэглэвэл зохистой гэж үзэх вэ?

-Хүүхдүүд хоногт 130 орчим грамм мах идвэл зохино. Энэ нь хэвийн хэмжээ. Олон Улсын судалгаануудаас харахад, долоо хоногт идэх улаан махны хэвийн хэрэглээ 500 граммаас хэтрэхгүй. Үүнийг сонссон хүмүүс тийм бага мах идэж яаж амьдрах юм бэ гэх байх. Гэхдээ яалт ч үгүй улаан махны хэрэглээгээ зохицуулж байж эрүүл мэндийн асуудал яригддаг. Улаан мах чанартай хүнс мөн боловч хэтрүүлэн хэрэглэх нь олон өвчний эх үүсвэрийг дагуулдаг. Тэр тусмаа их өөх тостой идвэл муу. Ингээд ярихаар амьтны гаралтай өөх, тос идэхгүй, ургамлын тос иднэ гэдэг. Амьтны гаралтайг ч, ургамлын гаралтайг ч тохируулж иддэг байх ёстой.

Ургамлын тосны хэрэглээ хэт ихсэж, омега 6 өөхний хүчлийн хэрэглээ өндөр болбол үрэвсэл дэмжих үйлчилгээ өндөр болдог. Эцэст нь хэлэхэд, хооллох гэдэг бол тэнцвэрийг хангах тухай асуудал. Огт идэхгүй байж болохгүй. Биед сайн гээд хязгааргүй их идэж болохгүй. Хоол зүйн шинжлэх ухаанд аль ч шим тэжээлийн бодист бүх зүйл хэмжээтэй байх ёстой. Багадна, ихэднэ гэж байна. Багадсан ч, ихэдсэн ч биед сөрөг нөлөө үзүүлнэ.

“Махыг хөлдөөж хэрэглэж болно. Харин ногоог аль болох шинэлэг байдлаар идэх хэрэгтэй”

-Монгол хүмүүс махаа буруу хөлдөөж байна гэсэн мэдээлэл гардаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн үед надаас энэ талаар маш олон хүн асууж байна. Хэн тийм мэдээлэл тараасныг мэдэхгүй. Махыг хөлдөөгчиндөө хийгээд хөлдөөж, хэрэглэнэ. Хөлдөөсөн мах муу биш.

-Ногоог түүхийгээр нь хэрчиж, бэлдээд хөлдөөдөг хүмүүс байна. Болгож, миксердээд хөлдөөх нь ч бий. Энэ зөв үү?  

-Ногоог шинэлэг байдлаар хэрэглэх нь илүү сайн. Импортоор оруулж ирдэг савлагаатай хөлдөөсөн ногоонууд бий. Тэдгээрийг үйлдвэрийн аргаар, агшин зуурт -40, -50 градуст хөлдөөдөг. Тэр нь ногооны эсийн гэмтлийг бууруулж хөлдөөж байгаа юм. Тийм учраас чанараа бага ч болов хадгалж үлдэнэ.

Мах болон ногоонд агуулагдаж байгаа шим тэжээлийн бодисуудыг харьцуулж үзвэл ногоо бол витамин, эрдэс бодисын эх үүсвэр. Хөлдөөх тусам витамины алдагдал их явагддаг. Тэгэхээр ногоог аль болох шинээр нь хэрэглэх ёстой. Зайлшгүй тохиолдолд хөлдөөхийг үгүйсгэхгүй. Огт ногоогүй хоол идэж байснаас хөлдөөгөөд ч болтугай хэрэглэсэн нь дээр. Гэхдээ аль болох шинэлэг байдлаар нь идэх нь шим тэжээлийн хувьд үр дүнтэй.

-Зарим хүмүүс амралтын өдрөөр хоол хийж хөлдөөгөөд, ажлын өдрүүдээр халааж иддэг юм билээ. Ингэж болох уу. Хор нөлөө бий юу?

-Хоолоо хийгээд, хөлдөөж хадгалж болно. Гэхдээ шинээр бэлтгэсэн хоолыг бодвол шим тэжээлийн алдагдал өндөр. Хортой зүйл байхгүй. Маш цэвэрхэн саванд хийж, хөлдөөгөөд, буцааж халааж идэж болно. Шинэ бэлтгэсэн хоолноос шим тэжээлийн алдагдал илүү бага болдог гэх судалгаанууд бий.

“Ye Ye”, “Maxim” зэрэг нь кофе биш. маш их чихэр, ургамлын тос агуулсан “Non-dairy cream”

-Хүйтрэхээр халуун цай, кофе уух нь ихэсдэг. Ингэхдээ “Ye Ye”, “Maxim” гэх мэт найруулдаг кофе уух нь элбэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл өгвөл. Хэр их хэмжээний сахар агуулагддаг бол?

-Хар кофе уух бол эрүүл мэндэд сайн. Илчлэггүй хэрнээ бие махбодод хэрэгтэй, зохицуулах үйлчилгээтэй байдаг.

Харин таны асуусан бүтээгдэхүүнүүдийг кофе гэж нэрлэдэггүй. Түүнд кофены орц маш бага агуулагддаг. Мөн сүү биш ургамлын тосны найрлагатай. Тэр ургамлын тосыг олон нийт сүү гэж ойлгодог. Маш их чихэр, ургамлын тостой “Non-dairy cream” гэх бүтээгдэхүүн.

Даарсны дараа халуун зүйл уух нь зөв. Чухам юу уух вэ гэдгээ зөв сонгох хэрэгтэй. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн дээрх бүтээгдэхүүнүүдийг нэг удаа хэрэглэснээр хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Өдөр бүр, давтамжтайгаар хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.

Б.ХОНГОРЗУЛ

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

ОУХМ Ч.Маралгоо: 14-тэйдөө Азид ранкаараа II-т орж, одоо Монголоос дэлхийд оноотой тамирчнаар бичигдэж байна

Талбайн теннисний спортоор 11 жил хичээллэж, олон сайхан амжилтын эзэн болсон ОУХМ Ч.Маралгоотой ярилцлаа. Тэрбээр талбайн теннисээр Монгол Улсаас анх удаа АНУ-ын Канзас мужийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон билээ.

-Олон аавын хүүхдийн сурахыг хүсдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. АНУ-д их сургуульд ороход өрсөлдөөн их байдаг. Би тус улсын их сургуульд суралцах болсондоо баяртай байна. Ялангуяа 100 хувийн scholarship тэтгэлэг авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. NCAA-д бүртгүүлсний дараа дахиад ч 4-5 их, дээд сургууль холбогдсон. Тэр дундаас Канзасын их сургуулийг сонгосон. Тус сургууль талбайн теннисний спортоор муждаа нэгдүгээрт ордог сургууль юм билээ. Өөр улсад очиж суралцаж, амьдарна гэхээр хэцүү санагдаж байгаа ч очоод аль болох хурдан дасахыг хичээнэ. Одооноос сэтгэл зүйгээ бэлдэж байна.

-Гэр бүлийнхэн нь энэхүү баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ. Мэдээж баярласан, гунигласан үед хэзээд цуг байдаг хүмүүс бол гэр бүлийнхэн шүү дээ. Гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу?

-Тэгэлгүй яах вэ. Гэр бүлийнхэн минь хамгийн их баярласан. Манайх ам бүл тавуулаа. Би айлын том. Аав, ээж, эмэгтэй, эрэгтэй дүүгийн хамт амьдардаг. Манай аав багадаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Миний бэлтгэл сургуулилт, тэмцээнүүдэд цуг явсаар талбайн теннисний спортод дуртай болж, дасгалжуулагч болсон. Одоо теннисний спортын дэд мастер. Манай ээж сагсан бөмбөгийн спортын мастер. Биднийг үнэхээр их дэмждэг. Бэлтгэл сургуулилттай үед маань хоол хийж ирдэг.

Эмэгтэй дүү Ч.Мартаа спортын мастер. Дүүтэйгээ байхад хөгжилтэй, гоё байдаг. Манай дүү маш шартай хүүхэд. Аав намайг айлын том болохоор илүү бэлтгэл хийлгэдэг. Тэгэхэд манай дүү адилхан л хийнэ гэдэг. Жишээлбэл, би таван бөмбөг цохивол дүү минь яг л ижилхэн тавыг л цохидог юм. Эмэгтэй дүү бид хоёрыг “Монголын талбайн теннисний номер нэг эгч, дүү хоёр” гэж ярьдаг. Бага эрэгтэй дүү маань хөлбөмбөг, теннисээр хичээллэдэг.

-Гадаад руу явж суралцахад юу нөлөөлсөн бэ?

-Би энэ хавар Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Төгсөөд эхний нэг жилдээ их, дээд сургуульд орохгүй гэж бодож байсан. Гэтэл Монголд талбайн теннисний спортоор хичээллэхэд заал талбай хомс учир өөрийгөө илүү бэлтгэхэд асуудалтай болсон. Иймээс багш болон аав, ээжтэйгээ ярилцсаны үндсэн дээр талбайн теннисний спортыг өндөр хөгжүүлсэн улс руу явахыг зорьсон. АНУ ихэнх теннисчнээ scholarship болгодог болохоор тэр нь таалагдаж, энэ улс руу явах хүчин зүйл болсон.

-Энэ спортын юу нь өөрийг тань татаж, дурлуулсан бэ? Анх энэ спортод хөл тавьсан үеэ дурсвал? 

-Анх татаж дурлуулсан зүйл байгаагүй. Энэхүү спортод ороход би анх 7 настай байсан. Аав, ээж хоёр энэ спортыг мэддэг байсан. Нэг өдөр ээжийн ажлын хойно талбайн теннисний сургалт нээгдэж, намайг явуулсан. Тэрнээс хойш би энэ спортод дурласан.

-Ямар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг вэ?

-Солонгосын Ан багш болон аав хоёрын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Солонгос багш маань 2016 оноос хойш бидэнд бэлтгэл орж байгаа юм.

-Ямар тэмцээн, уралдаанд орж ямар амжилтууд үзүүлж байв?

-Би Бангладешт болсон 6000 ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцож, түрүүлээд 6000 ам.доллар авч байсан. Улсын өсвөрийн зургаан удаагийн аварга, насанд хүрэгчдийн хоёр удаагийн аварга. Мөн хосын төрөлд оролцож түрүүлсэн. 14 настайдаа Азид ранкаараа хоёрдугаарт бичигдэж байсан. Одоогоор Монгол Улсаас тив дэлхийд оноотой тамирчнаар бичигдэж байна. Мөн дүүгийнхээ хамт БНХАУ, Непал, БНСУ зэрэг олон улсуудад болсон тэмцээн уралдан амжилттай оролцож байна.  -Анх оролцсон олон улсын тэмцээнийхээ талаар яривал?

-Миний олон улсын анхны тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод болсон. Тэр үед бусад улсын тамирчдыг хараад үнэхээр их сандарч, бөмбөгөө ч цохиж чадахгүй, сонин мэдрэмж төрж байсан.

-Талбайн теннисээр хичээллэхийн давуу тал юунд байдаг вэ?

-Том талбайд байнга урагшаа, хойшоо гүйдэг болохоор талбайн теннис бүх булчин хөгжүүлдэг. Одоо талбайн теннис байхгүй бол гэж бодохоор төсөөлөгддөггүй. Тоглохгүй хэсэг хугацаа өнгөрөхөд л эргээд тогломоор санагддаг болсон. Энэ спорт тоглох үед өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрүүлдэг. Эрч хүч мэдрэгдэж, сэтгэл санаа тайван болгодог.

-Тамирчин бүрт арга барил бий. Өөрийн тань хувьд ямар техникийг илүү ашигладаг вэ?

-Теннис бол олон тактикаар тоглох ёстой спорт. Нэг тактикаар тоглоод байвал өрсөлдөгч нь түүнийг мэдчихдэг. Би ерөнхийдөө хамгаалахаасаа илүү довтолж тоглодог.

-Ялагдалыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ялах мэдрэмж мэдээж гоё. Харин ялагдал сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлдөг. Тэр өдрөө хааяа унтаж чаддаггүй.

-Аливаа тэмцээн уралдаанд оролцоход тухайн тамирчны чадвараас гадна зардал мөнгөний асуудал тулгардаг шүү дээ. Чиний хувьд тив дэлхийн тэмцээнд оролцдог учраас зардал нэлээд гардаг болов уу?

-Зардлын асуудал маш их тулгардаг. Зарим тэмцээндээ “Макс” группээр ивээн тэтгүүлнэ. Аав, ээж зээл авч, зардал бүрдүүлдэг. Хүүхэд болохоор заавал аав, ээжийнхээ аль нэгтэй нь явдаг. Тиймээс зардал мөнгө их гардаг.

-Энэхүү спортдоо ирээдүйд ямар зорилго өвөртөлж бэлтгэлээ базааж байна вэ?

-АНУ-д очоод, бэлтгэлээ сайн хийгээд, про мэргэжлийн тамирчин болох хүсэлтэй.

-Талбайн теннисийг Монголд хөгжүүлэх бодол бий юу?

-Бодож явдаг. Шинээр гарч ирж байгаа хүүхдүүдийг тэмцээнд явуулах юмсан гэж боддог. Зарим хүүхдүүдийн аав, ээж ойлгодоггүй. Яах гэж хэрэггүй юманд зардал мөнгө гаргаж явах гээд байгаа юм бэ гээд ойлгодоггүй. Тийм болохоор тэдгээр аав, ээжид зөвөөр ойлгуулж хэлмээр санагддаг. Тэгж байж Монголд энэхүү спорт хөгжинө.

-Амжилт гаргахад тохиолддог саад бэрхшээл гэвэл?

-Монголд теннисний талбай хомс байдаг. Мөн тэмцээн, уралдаан цөөхөн зохиогддог. Бусад улс руу тэмцээнд явах гэхээр зардал их гарна. Теннис нь орноос орон дамжиж явдаг спорт юм. Тэгж явж чадахгүй болохоор Монголдоо ирээд, сар гаруйн хугацаанд бэлтгэлээ хийгээд буцаад явдаг.

-Таныг дэмждэг хүмүүс, гэр бүл, хайртай дотны хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?

-Тусалж, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Гэр бүлийнхэн минь үргэлж миний ард байж, бүгдийг зохицуулдаг мундаг хүмүүс шүү. Хайртай шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Тив, дэлхийн түүхэнд бичигдэж, нэрээ дуудуулсан мундаг тамирчин болоорой.

Л.ЗУЛ

 

 “Томуугийн вакцинд хамрагдаагүй, дархлаа сул хүүхдүүд халдварт илүү өртөж байна”

Ханиад, томуугийн дэгдэлт их байгаа энэ үед вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн дарга А.Бурмаагаас тодрууллаа.

-Томуугийн вирусын идэвхжилт хэдээс хэдэн сарын хооронд илүү өндөр байдаг вэ?

-Монгол шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай оронд томуу, томуу төст өвчний дэгдэлт арав, арваннэгдүгээр сараас идэвхждэг. Монголын хувьд арван сараас таван сар хүртэл томуугийн улирал гэж авч үздэг. Энэ үед вирусийн идэвхжилт өсөж, томуугийн вирус өвчлөлийн гол шалтгаан болдог.

-Томуу тусаад хүндэрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Томуу төст өвчний 200 гаруй вирус байдаг. Амьсгалын замын өвчлөлийн 90 гаруй хувь вирусийн шалтгаантай байдаг. Томуугийн сонгомол шинж тэмдэг нь 38-аас дээш хэм халуурдаг. Үе мөч шархирч өвддөг.

-Ямар насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй вэ?

-Дархлаа султай бага насны хүүхдүүд, ялангуяа хөхөөр хооллодог, ээж нь жирэмсний зургаан сар хүртлээ томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд сульдаатай болж, халдварт өртөх эрсдэл өндөр байдаг.

-Томуугийн вирус нэг тусчихвал багагүй хугацаанд эмчилгээ шаарддаг. Энэ төрлийн вирусээс гадна үүнтэй төстэй хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй ямар вирус байдаг вэ?

-Зөвхөн томуугийн вирусээс гадна хоёр нас хүртэлх хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй амьсгалын замын синстал вирус гэж байдаг. Үүнийг хоёр нас хүртлээ хүүхэд болгон тусаж байж энэхүү вирусийн эсрэг дархлаа тогтдог. Энэ нь томуутай адил хувьсамтгай вирус. Үүний эсрэг вакцин бол хараахан бүтээгдээгүй байна.

-Тэгэхээр хүүхдийг багаас нь хэрхэн дархлаа суулгаж, энэ вирусээс сэргийлэх ёстой вэ?

-Бид хүүхдийг зургаан сар хүртэл вакцин хийдэггүй. Тиймээс ээж нь зургаан сар хүртлээ вакцинд хамрагдах ёстой. Ураг эхээсээ дархлаатай төрнө гэсэн үг. Томуу туссан ч хүндрэл багатай байна гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн эрсдэлтэй бүлэг бол жирэмсэн эмэгтэйчүүд гэж үздэг. Тиймээс жирэмсний аль хугацаанд вакцинд хамрагдахыг зөвлөдөг. Монголын хувьд вакцинд хамрагдаж байгаа ээжүүдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч харьцангуй бага хувьтай байна.

-Тус вирусээс сэргийлэх, мөн нэгэнт туссан тохиолдолд ямар эм бэлдмэл хэрэгтэй вэ? Гэрийн нөхцөлд энэхүү өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Томуугийн вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээний арга байдаг. “Тамифлю” хэмээх вирусийн эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэдэг. Бусад томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл халдварт өртөх өндөр эрсдэлтэй. Тиймээс амьсгалын замын халдвартай удаан явах эрсдэл өндөртэй. Бага насны хүүхдийг хөхөөр хооллох хамгийн чухал юм. Ингэснээр дархлааг нь сайжруулдаг.

Судалгаанаас харахад, ар гэрийн боломжгүй хүүхдүүд ханиад томуугаар өвдөх тохиолдлууд их байсан. Үүнд төр засгаас анхаарах хэрэгтэй. Агаарын бохирдол ханиад, томуу ихтэй энэ үед эрсдэлт хүчин зүйлсийн нэг болж байна. Гэрийн нөхцөлд асаргаа, сувилгаа хэрэгтэй. Гаднаас орж ирэхдээ гадуур хувцсаа тайлах, гараа угаах, тусдаа аяга халбагатай байх, хоол ундны асуудалд анхаарах хэрэгтэй. Тухайлбал, агаар сэлгэлт хийх, агаарын температур дулаан үед салхилуулах, анги танхимд агаарын сэлгэлт хийх зэрэг эрсдэлтэй хүчин зүйлд өртүүлэхгүй байхад эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

Н.УЯНГА

 

Цахим мөрийтэй тоглоомд донтоод, гурван жилд 1.3 тэрбум төгрөг алджээ

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулдаг. Иймд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ сэдвийг хөндлөө.

Цахим мөрийтэй тоглоомд донтож, байр, автомашинаа зарсан залуугийн яриа

“ГУРВАН ЖИЛД НЭГ ТЭРБУМ 300 САЯ ТӨГРӨГ АЛДСАН”

Иргэн Х.С: –Миний ойрын найз онлайнаар покер тоглодог байсан юм. Би мэддэг ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод, 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад, болох юм байна гэж бодоод, тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчихаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд, тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод, алдах хэмжээ нь ч улам их болчихсон.

Ний нуугүй ярихад, би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглоод хадгаламж руугаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Тэгээд бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж алдаад. Өрөө авах гээд над руу залгаад болохгүй болохоор нь эхнэртэй яриад, бүх зүйлээ хэлсэн. Тэгээд л хэрүүл үүсэж, эхнэр салаад явсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.

Хохирол амсаж уналтад орсон үедээ хэнд ч хэлж тусламж авах, зөвлөгөө хүсэх талаар бодогдоогүй. Жаахан л хүлээчихвэл болчих юм шиг санагдаж, тоглоод л байсан юм. Худлаа ярьж мөнгө зээлдэг, хоосорсон үедээ уур хүрч бухимддаг болчихсон. Хүн бүхэн тэнэг мангараар нь дуудаж “Боль, “Зогс” гэдэг байсан ч маш их өртэй болчихсон болохоор тоглож л мөнгө олох юм шиг санагддаг байлаа.

Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хальт хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад, мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед харахад тоглогч нарын хөзрийг бүгдийг цаанаас нь хянаад, хараад байж байдаг юм билээ”

Энэ мэтчилэн амьдралынхаа үнэ цэнтэй бүхнээ алдсан олон харамсалтай тохиолдол бий.

“МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДОНТОХ ЭМГЭГ АРХИНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ИЖИЛ ТҮВШИНД ИРЧИХЛЭЭ”

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, Донтох эмгэг судлаач Ж.Гантулга

 “Мөрийтэй тоглоомд донтох гэдэг хүндрэхээрээ сэтгэцэд хортой нөлөөтэй. Эхлээд сонирхож оролдож үздэг, дараа нь мөрийгөө ихэсгэх, тавьсан мөнгөө алдах, алдсан мөнгөний хэмжээ ихсэх тусам бусдад хэлэхээс эмээх, дотроо шаналах хэр нь дахиж тоглоод олчих юм шиг санагддаг. Үүнээс үүдээд энэ үйлдэл нь хэвшил мэт болж донтолт үүсдэг.

Донтолтын эхний шат буюу тоглоомд улайрч эхэлж байх үед сэтгэл зүйч, ойр дотнын хэн нэгэнтэй ярилцах нь үр дүнтэй. Хэрэв сэтгэл санаа хэвийн бус, зан аашид өөрчлөлт орсон, хэт ганцаардмал, турж эцсэн, ажлын бүтээмж муудсан байвал яаралтай мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Байж сууж чадахгүй хэмжээнд хүртлээ донтдог.

Донтолт яг аль шатандаа явж байгаа вэ гэдгийг тодорхойлох нь эхний алхам. Үүнээс дараа дараагийн арга хэмжээг бүрэн тогтоож болдог.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мөрийтэй тоглоомд донтсон иргэд хандах тохиолдлын тоо ихэссээр байна. Хэвтэж эмчлүүлэх ч тохиолдол бий. 5-10 жилийн өмнө бол бараг байхгүйтэй адил байсан бол одоо тусдаа ажлын хэсэг, тасаг байгуулах хэмжээний болсон байна. Архинд донтох эмгэгтэй бараг ижил түвшинд ирчихлээ шүү дээ.

Өмнө нь тоглоомыг тоглож, алдаж, сэтгэлзүйн хямралд орсон ч түүнийгээ даван туулсан иргэдээр мэргэжлийн хүнийг оролцуулан, баг бүрдүүлж, энэ төрлийн эмгэгтэй хүмүүст тусламж үзүүлж, ярилцах чиглэлээр бэлтгэгдээд явж байна.

Эцэг эхчүүд ч үр хүүхдэдээ багаас нь, дунд ангиас нь энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөрийтэй тоглоом гэж юу байдаг, түүний хор хөнөөл юу байна вэ гэх мэт. Мөн хүүхэдтэйгээ, ойр дотнын хүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Цаг зав гаргаад, хичээл ном, ажил төрөл нь хэр байна. Юу хийгээд яваад байна вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Хараа хяналтгүй, ярилцах хүнгүй хүмүүс донтолтод хурдан автдаг.

Цаашлаад сонор соргог байж, эргэн тойрны хүмүүстээ анхаарал тавих хэрэгтэй. Сайн сайхан бүхнээ л алдана уу гэхээс хэзээ ч юм хожихгүй. Хохироод л дуусдаг. Амьдралаа мөрийнд тавьж байгаа хэрэг шүү дээ. Эрүүл хүн хэзээ ч амьдралаа бооцоонд тавихгүй. Гэтэл мөрийтэй тоглоомд донтоно гэдэг анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй асуудал гэсэн үг”

Таны ойр дотнын хэн нэгэн цахим мөрийтэй тоглоом тоглож байвал “Нэг ч төгрөг хожих боломжгүй, зарцуулсан бүх мөнгө чинь танд эргээд хэзээ ч ирэхгүй” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Цахим мөрийтэй тоглоомоос та хэзээ ч хожихгүй. 

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу