Монголын Волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэнг энэ жил тоглуулахгүй, цаашид ч тоглуулахгүй байх нөхцөл байдал үүссэн.
Эргэн сануулбал тэрбээр энэ оны намар волейболын холбооны алдаа дутагдлыг хэлж шүүмжилж байсан юм.  Харин тус холбооноос шүгэл үлээсэн гэх шалтгаанаар түүнийг ийнхүү шийтгэжээ. 
Г.Хандсүрэн бол волейболын спортод монголоос олон улсад тодрон гарсан легионер тамирчин юм. Спорт бол залуу насанд гялалзаад өнгөрдөг богино хугацаатай. Ид гялалзаж, монголын нүүр царай болж байгаа ирээдүйтэй тамирчнаа волейболын холбоо нэг жил царцааж байгаа аж.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. “Нийт волейбол сонирхогч, энэ спортыг хайрлан хүндэлдэг волейболын гэр бүлийнхэн минь ээ! энэ постыг минь түгээж өгөөсэй гэж мөн хамт ажил гэрийн хооронд хичээж байгаа тамирчин ахан дүүс минь ээ сайтар уншиж ойлгож өгнө үү хэмээн хүсэж байна.
Г. Хандсүрэн миний бие 16 настай байхдаа шалгаруулалтад тэнцэн арлын Япон улсыг зорьсон. Хүүхдүүдийг ч ийм замаар мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсдэг. Гэхдээ гаднын юм амаргүй хатуу ширүүн. Тэндээ ёстой хэн ч намайг мэдэхгүй танихгүй орчинд 7 жилийн тасралтгүй бэлтгэлтэй байдаг байв. Би лагтаа биш өөрийгөө л ялан дийлэх гэж хичээж дээ. Тэгж явсаар 9 жил өнгөрчээ. Би үгүйсгэсэнгүй ээ монгол тамирчдыгаа, гэхдээ илүү нөхцөлд байх боломжтой юм шиг л харагддаг…
Зорьсон бүхэндээ хүрчихсэн. Ахиад шинэ зорилгууддаа зүтгээд л явна. Үнэн шударгыг суурь болгон мэдээ мэдээлэл хүргэсээр өдий хүрсэн билээ. Хүн ер нь зөв байх хэзээ ч албатай бол биш ч үнэн байвал зохилтой… миний нэртэй миний хуудсанд хэтэрхий халдаж юу бичихийг минь зааж, устгахыг шаардаж, зөвхөн өөрийгөө л ярьдаг сошиал поп гэх мэт үгсээр тодорхойлж байгаа нь дэндүү тэнэг үйлдэл мэт санагдах юм.
Гадаад тамирчид жиргээ ашиглаж пост бичихэд хэн ч хурц хүлээж авдаггүй. Гадаад тамирчид өндөр үнэтэй гэрээ хийхэд хэн ч шүүдэггүй. Харин монголд шуналтай болчихдог юм байна. Гадагшаа гараад судлаад үзэх хэрэгтэй. Чухам баян хүний дүртэй ч даан ч хүн үнэлж сураагүй нь илт. Ер нь хүн үзэл бодлоо илэрхийлэх тийм буруу зүйл гэж үү? Мэдээж шийдвэр гаргаад явахгүй нь лавтай. За энэ энд хүрээд. Хэдий би хамаагүй таалагдахгүй байлаа ч, мөр зэрэгцэн алхаж явсан нэгнийх нь эрх зөрчигдөж байхад дуугарах нэг ч тамирчин байхгүй юм. Тамирчин бидний ирээдүйд, дүү нарт маань энэ эрх ашиг, үнэлэмж гээч зүйл их л чухал гэж би боддог. Тэгээд л зөв буруу дуугараад л явна.
Волейболын лиг өнөөдөр ийм сайхан зохиогдож байгаад тун баяртай байна. Дотоодын тамирчид уг нь мундаг. Юу юунаас илүү энэ лигт тоглож байгаа тамирчид, шүүгчид, холбоо, тайлбарлагч, эмч, бөмбөг зөөж буй хүүхдүүд, хүн нэг бүр хичээн зүтгэж байна. Гэтэл энэ удаагийн хариуцлагагүй явдлаас холбоо болоод лиг, лигт оролцож буй хүмүүсийн нэр төр унахыг би хувьдаа яав ч хүлээн зөвшөөрөхгүй.
Би монгол улсын иргэн. 2 жил дараалан иргэншил солин тоглох санал авч, гаднын лигээс санал авсаар байна. Гэвч татгалзаад тоглох гээд зүтгээд байгаа шалтгаан нь би монгол хүн монголдоо тоглох хүсэлтэйд л байгаа юм. Явах гэж зорьж байгаа нэгнээс өмнө яваад 10 жил хол байгаад ирлээ. Харах өнцөг өөр. Эх орон бол юутай ч зүйрлэшгүй нандин эрдэнэ. Гэр орон минь гэр бүл минь энд байхад…
Тоглолтын үеэр үзэгчдээ баясган спортоороо дамжуулж хайр, итгэл, догдлол, сэтгэл хөдлөл мэдрүүлэх нь миний чин хүсэл. Хүн муу тоглож байж болно. Энэ нь бэлтгэл муугийнх. Гэвч хийсэн зүйл худал хэлэхгүй… Холбоог элдвээр хэлнэ гэдэг өөрөө сошиал дарамт (Social Bully). Тэд ч бас ажлаа л хийж байгаа. Ийм муухайгаар биш эелдгээр нэгэндээ хандацгаая. Гэвч мэдээж тийм хариуцлагагүй үйлдэл гаргаад чимээгүй байгаа нь холбоо төлөөлсөн хүн, холбооны ёс зүйгүй үйлдэл…
Би та бүхнийг лигээ үзээсэй. Тамирчдаа хэрхэн өсөн дэвжсэнийг хараасай. Хэн нь хэвээрээ хэн нь сайжраад хэн нь харьж байгааг хараасай шүүгээсэй хөгжөөсэй Steppe Arena-г дүүргээсэй гэж хүсэж байна. Дургүйд хүчгүй шүү дээ. Хүсвэл юу ч болно. Волейболын гэр бүлийн тамирчдаасаа, эд улирал явж байхад ийм маягаар холбоотой болсон явдлаа нийтэд зарлан ундууцал үүсгэсэн бол хүлцэл өчье. Амжилт хүсье.
Хандаа нь бэлтгэлээ хийсээр байгаа. Дурандаа хийж буй үйл минь юмаа. Цусанд минь бий. Гомдоллох сонирхол үгүй. Бодит үйл хийх нь чухал. Ухаанаа урдаа шүү дээ
Та бүхэнд баярлалаа. Аан тийм. Би өөртөө таарах хослолтой болох хүсэлтэй байгаа. Урт гар хөлд таарах хэмжээ олддоггүй юм байна. Хамтарч ажиллах Tailer-ууд минь туслаарай. Баярлалаа” хэмээжээ. 
Харин зарим дэмжигчдийн зүгээс “Гадаад руу тэмцээнд явуулж, тамирчдаа хөгжүүлэх сэтгэл байхгүй, ур чадвартай гадаад легионер ирэхээр тоглуулдаггүй, өндөр хөгжилтэй орны лигт тоглож өөрийгөө хөгжүүлсэн монгол тамирчнаа ад үзэж, шүүмж сонсож чадахгүй Монголын Волейболын холбоо ичиг ичиг” хэмээн волейболын холбоог шүүмжлээд байгаа юм. 
Н.УЯНГА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу