Гаднын орныг зорьсон нийслэлийн иргэд онгоцны буудалд буугаад, хамгийн түрүүнд ичдэг зүйл бол угаагаад ч арилдаггүй “хувцаснаас нь үнэртэх утаа” байдаг. Үүний зовлонг монголчууд бид олонтаа сонсож, биеэр мэдэрч яваа ард түмэн. Улаанбаатар хотын утааны асуудал сүүлийн 10 гаруй жил эрчимтэй яригдаж, иргэдийн эрүүл мэнд, амь насны хөнөөлт дайсан болоод байгаа билээ.

автомашин, манан, авто зам, гудамж ба бичвэр нарын зураг байж магад

Утааг багасгах зорилгоор шахмал түлш хэрэглэснээр иргэд угаартаж нас барах тохиолдол гарсаар л байна. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг аж. Харин угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэсэн тооцоо судалгаа гарчээ. 2022 оны байдлаар угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон нийт 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 26 нь харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Кэйс-1: 2023 оны тавдугаар сарын 31-ний шөнө 35 хүн угаартсан. Тэднээс найм нь нас барсан харамсалтай явдал болсон. Нас барсан хүмүүс дунд таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд байжээ. Харин бусад нь насанд хүрсэн хүмүүс байв.

Кэйс-2: 2023 оны арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт хоёр хүн угаартаж, гэртээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэд 27-35 насныхан байсан бөгөөд гэрийнхээ янданг авч, өрхөө бүтээсэн байжээ. 

Кэйс-3: Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух, 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр гарчээ. 

Энэ мэтчилэн хүн угаартаж нас барсан тохиолдлууд маш ихээр гардаг хэдий ч нэгэнт хэвийн үзэгдэл мэт болжээ.

үүл, манан ба бичвэр нарын зураг байж магад

Шахмал түлшний сайжруулсан хувилбар бол  “хагас коксжсон түлш” 

Одоо бидний хэрэглэж буй шахмал түлшийг “Тавантолгой түлш” анх нэтрүүлэхдээ нийслэлийн утааг 30 хувиар буурах зорилго тавьж байсан. Харин цаашид утаа үүнээс илүү буурах боломжгүй. Иймд бидний дараагийн сонголт “хагас кокс”, ирээдүйн зорилго “хагас кокс боловсруулах үйлдвэр” юм. Энэ нь иргэдийг эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах сонголт гэдгийг албаныхан хэлдэг.

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2023 оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон асаагчийн  лабораторийн болон практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулсан.

Хагас кокжсон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2%-иар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус тус буурсан үр дүн гарчээ.

Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн орчмын 18 цэгт агаар бохирдуулах үзүүлэлтүүдийг автомат төхөөрөмжүүдээр 2010 оноос эхлэн хэмжилтүүдийг хийж байгаа.

Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5%-иар буурна. Энэ нь “Агаарын чанар, Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэхээр байна гэсэн тооцоолол гарчээ.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ.

Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24,500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах аж.

“Тавантолгой түлш” хагас кокс түүхий эдийг “шахмал түлш” болгон хэрэглэвэл Улаанбаатарын утааны үнэртэх байдал 50 хувь харагдах байдал 70 хувь буурна гэсэн тооцоолол гарчээ. Мөн хагас кокс үйлдвэрлэх үед нүүрснээс ялгардаг давирхайгаар нүүрсэд агуулагдах хүхэр 12 хүртэлх хувиар буурч бусад таван төрлийн сөрөг нөлөөт бодис гадагшилдаг байна. Харин илчлэгийн хувьд одоо бидний хэрэглэж буй шахмал түлштэй ижил бөгөөд нэг асахдаа зургаан цаг асдаг аж.   

үүл, газрын тос боловсруулах үйлдвэр, уулын цанын зам ба бичвэр нарын зураг байж магад

Эцэст нь утаагүй хот болох хамгийн зөв сонголт орон сууцжуулах юм 

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Сэлбэ дэд төвийн талаар танилцуулахдаа, “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил дууссан. Баянхошуу дэд төвийн эхний 800 айлын орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулна. Харин Сэлбэ дэд төв дэх гэр хорооллыг орон сууцжуулахаар 158 га буюу 2003 нэгж талбарыг чөлөөлж, эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барина.

Тус хоёр дэд төвийн төлөвлөлтийн зураг төслийг олон улсын зөвлөх үйлчилгээ оролцуулан гүйцэтгэх тендер зарлаад байна. Олон улсын жишигт нийцүүлэн, ногоон орон сууц төлөвлөсөн. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар газар эзэмшиж байсан өрхүүдээс гадна Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь-Эх орчмын айлууд орон сууцанд орох боломжтой. Орон сууцжуулахдаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн цогцолбор хорооллыг байгуулна” хэмээжээ. 

УИХ-ын чуулганы энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус төсөл хэрэгжвэл Улаанбаатар утаагүй ногоон хот болж, нийслэлийнхний толгойны өвчин бага зэрэг ч гэсэн хөнгөрөх нь ээ.

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу