Г.Занданшатарын тэргүүлсэн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2024 онд шинээр бүрэлдэх парламент 126 гишүүнтэй байна. Үүний 78 нь тойргоос сонгогчдын саналыг авч орж ирэх бол 48 гишүүн намын нэрсийн жагсаалтаар парламентын босго давах учиртай юм.

Бэл бэнчинтэй нэг хэсэг нь намууддаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь хамууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна.

“Олдохоороо өлдөнө” гэдэгчлэн эрх баригч МАН-ынхан намын жагсаалт, тойргийн мандатын төлөө үндсэндээ сүнсээ худалдахад бэлэн байгаа гэж ойлгож болно. Харин Ардчилсан намынхан дотроос нэр дэвших хүмүүс нь одоо л цухуйж эхэллээ.

DOBU.MN сайт 2024 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа горилогч нарыг цувралаар танилцуулж эхэллээ. Энэ удаа УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг танилцуулъя.

Архангай аймаг хэзээнээсээ УИХ-ын гишүүдийг сонгохдоо хэт савлагаатай санал өгч ирсэн байдаг. Товчхондоо Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүгдийг нь, эсхүл МАН-аас нэр дэвшигчдийг шууд сонгож ирсэн нь өмнөх сонгуулиудын дүнгээс харагддаг.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, томсгосон мажоритар тогтолцоогоор зохион байгуулагдсан парламентын анхны сонгууль 1992 онд явагдсан. Тус аймгийн хувьд 45610 сонгогч санал хураалтад оролцож, Ардчилсан намаас Р.Гончигдорж, МАХН (цаашид МАН гэж тэмдэглэнэ) буюу одоогийн МАН-аас Ч.Пүрэвдорж, М.Далайхүү нарыг сонгож байсан юм. МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн Ардчиллын анхдагчдын нэг болох Гончигоо Ардчилсан намаас анх удаа ийнхүү сонгогдсон байдаг.

Архангайд 1996 онд 49863 сонгогч санал өгснөөс Ардчилсан намаас мөн Р.Гончигдорж, С.Ламбаа, МАН-аас С.Төмөр-Очир нар олонхийн санал авч, төр түшиж байв. 2000 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялагдахад Архангайд МАН-ын С.Төмөр-Очир, М.Далайхүү нар хоёр дахь удаагаа, Б.Чадраа анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Энэ удаагийн сонгуульд Архангай аймгийн 54170 сонгогч санал өгчээ.

Дөрөвхөн жилийн өмнө МАН-ын нэр дэвшигчдийг парламентад илгээсэн Архангайнхан 2004 онд аймгаа цэнхэртүүлж, Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Гончигдорж гурав, С.Ламбаа хоёр дахь удаагаа сонгогдож, Н.Батбаяр анх удаа УИХ-ын гишүүн болж байлаа. Нийт 53276 сонгогчийн олонхийн саналыг тэд авсан юм.

2008 оны сонгуульд 54472 сонгогчийн олонхийн саналыг Ардчилсан нам авснаар бүрэн цэнхэртсэн гэж ойлгож болох юм. Архангай аймгийн сонгогчид Р.Гончигдоржийг дөрөв, С.Ламбааг гурав, Н.Батбаярыг хоёр дахь удаа Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгосон нь тэр юм. Харин орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулснаар засагласан байдаг.

2012 оны сонгууль анх удаа холимог системээр явагдаж, Ардчилсан намаас Архангай аймагт нэр дэвшиж, дөрвөн удаа сонгогдсон Р.Гончигдорж намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байсан билээ. Түүний оронд Ардчилсан намаас Б.Болор нэр дэвшин өрсөлдөж анх удаа, Н.Батбаяр гурав дахь удаагаа парламентын гишүүн болсон. Энэ үед нэгдүгээр тойрогт 13 нэр дэвшигч өрсөлдөж, 57676 сонгогч санал өгч байлаа.

Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулах үндсэн шалтгаан нь МАХН, МАН болон задарсантай шууд холбогддог. МАН-аас аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нар нэр дэвшсэн ч МАХН-аас Н.Удвал, Б.Цогтгэрэл нар дэвшсэнээр санал хуваагдсан тул Ардчилсан намаас нэр дэвшигч нарт давуу байдал бий болсон юм.

Ардчилсан намыг багаар нь ялуулж, төр түшүүлж байсан Архангай аймгийн сонгогчид 2016 онд МАН-аас нэр дэвшигчдэд итгэл үзүүлэв. 2012 оны сонгуульд нэр дэвшин ялагдсан Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар “ГОК”-ийн боссын хүү НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Тэмүүлэнг хөтөлж авч ирэн “Амь нэгтэй Архангай” хөтөлбөр хэрэгжүүлж, 2016 оны сонгуульд гурвуулаа ялалт байгуулсан. Ингэж сүүлийн гурван сонгууль дараалан цэнхэртсэн нэгдүгээр тойрогт салхи орж байлаа. Тухайн үед Архангай аймаг өмнө нь байгаагүй олон буюу 59538 сонгогч санал өгч байсан билээ.

2020 оны сонгуульд 19 нэр дэвшигч өрсөлдөж, МАН-аас нэр дэвшсэн Ё.Баатарбилэг хамгийн олон буюу 21849, Ж.Мөнхбат 21478, Г.Тэмүүлэн 20204 сонгогчийн санал авч, дахин багаараа ялалт байгуулав. Энэ сонгуульд 45445 сонгогч санал өгсөн байдаг. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал, АН-ын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга нар нэр дэвшиж байлаа.

Архангай аймгийн хувьд МАН, АН-аас нэр дэвшигчид төдийлөн солигддоггүй ч 2024 онд хоёр нам нэр дэвшигчдээ дийлэнхийг нь солих нь гарцаагүй болсон. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн шалгуулахаар болсон бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны асуудалтай байгаа. Тиймээс эрх баригчид 2024 оны сонгуульд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарыг нэр дэвшүүлэх нь тодорхой болсон гэж ойлгож болно. Түүнчлэн аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Архангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Алтаншагай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нэр дэвшихээр горилж байгаа юм.

Тэгвэл Ардчилсан намаас ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, Э.Мөнхсайхан, МУБИС-ийн захирал асан Д.Мөнхжаргал нар нэр дэвшихээр болоод байгаа. П.Мөнхтулгын хувьд өмнөх сонгуульд нэр дэвшихдээ 17155 сонгогчийн санал авч байсан. Архангай аймагт төдийлөн танигдаагүй залуу гэхэд маш өндөр санал авсан талаар ярьж байсан юм. 2024 оны сонгуульд Пүрэвбаатарын Мөнхтулга нэг суудал авч ирнэ хэмээн үзэж байгаа юм байна. 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших мандат олдоогүй тул бие даан нэр дэвшиж 7536 сонгогчийн санал авч 19 нэр дэвшигчийн тавдугаарт эрэмбэлэгдэж байсан Э.Мөнхсайхан энэ удаа намынхаа нэр дээр нэр дэвших нь гарцаагүй гэж ярьж байгаа юм. МУБИС-ийн захирлаар ажиллаж байхдаа 2000 оюутныхаа дипломыг норгосон хэрэгт унаж байсан Д.Мөнхжаргал нэр дэвшинэ.

П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн, Г.Сайханбаяр, Э.Мөнхсайхан нар урьдчилсан байдлаар хамгийн өндөр санал авах магадлалтай байгааг өмнөх сонгуульд оролцсон дүн болон улс төрийн судалгаагаар гарч ирж байгаа юм.

Э.ТЭРГЭЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу