Монголыг залгисан нүүрсний бүлэглэлийн асуудал яг нэг жилийн ойн дээрээ ирж, УИХ-ын “Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсэг “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр эхлүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдэгдсэнээр “Манай УИХ дахь Ардчилсан намын гишүүдээс удаа дараа асуугаад байна. Эхний сонсгол “жижиг” Тавантолгойн асуудал яригдаад байна. Хоёр дахь удаагийн сонсгол нь “том” Тавантолгойтой холбоотой асуудал.

“Жижиг” Тавантолгой дээр дуудагдаж байгаа хүмүүс улс төрийн намын харъяаллын хувьд Ардчилсан намынхан олон болохоор намаар нь ялгалаа гээд байгаа юм. Хоёр дахь сонсгол дээр бол Ардчилсан намынхан өөрсдөө гайхах байх даа. Харин битгий болиорой гэж хэлье. Манай намынхан олноороо дуудагдана. Харин манай намынхныг битгий хамгаалаарай. Холбоотой юмнууд байгаа юм билээ. Нам дамжиж хамгаалж, эсвэл нам дамжиж хулгай хийдгээ аль аль намынхан нь болих хэрэгтэй” гэж мэдэгдсэн.

Үүнээс үзэхэд “Тавантолгой” ХК-ийн асуудал бол хамгийн том хувьцаа эзэмшигч Ардчилсан намын “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн асуудал болж байгаа юм. “Ажнай”-н хувьд 20 хувийн хувьцаа эзэмшдэг давуу байдлаа ашиглаж, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирлыг томилуулж ирсэн байдаг.

Б.Энхбаяр сайдын хэлсэнчлэн, Ардчилсан намынхан нүүрсний хэргийн сонсголд өнөөдрөөс дуудагдаж эхлэх юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэргий н.Эрдэнэцэцэг нарын нэрсийг зарласан.

Өмнөговь аймгийн Ардчилсан нам буюу “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүмүүс болох аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа, Б.Батаа, Б.Мятав, Б.Дэндэвсамба, Л.Цэцэг-Өлзий, Б.Эрдэнэ-Очир, Б.Цэвээн, Ж.Сандаг, Н.Хүрлээ, Н.Амгалан, Х.Түмэндэлгэр, Ц.Баттулга, Ц.Бяцхансүх, Ч.Жаргалсайхан, А.Идэрцог, Б.Түвшинбаяр, В.Мөнхбат, Л.Батчулуун, Х.Түмэнбаяр, Ш.Баянбат, Л.Батчулуун, Д.Мядагсүрэн, Б.Нарантуяа, Г.Шүрэнхишиг, Ж.Доржсүрэн, П.Мөнхтуул, Б.Содномцэрэн, Г.Ганчимэг, Д.Ганболд, Ц.Мөнхдэлгэр, Д.Дагвадорж нар сонсголд дуудагдаад байгаа юм.

Дуусахгүй эрх мэдэл, дундрахгүй мөнгөтэй мэт аашилж ирсэн Д.Бат-Эрдэнэ хуулийн өмнө очихоос өөр ямар ч гарцгүй болж байна. Шүүхээс гэм буруугийн асуудлыг эцэслэх хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлж байгаачлан, ямар нэгэн холбогдолгүй хүмүүсийг нүүрсний сонсголд огт дуудаагүй. Тиймээс “Ажнай” Д.Бат-Эрдэнийг тойрсон 30 гаруй хүн сонсголд оролцож байгаа нь түүний салбарласан гар, хөл Өмнөговь аймаг, цаашлаад нүүрсний бүлэг ордод энэ мэтчилэн эзэн сууж байгааг баталж буй юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан нүүрсний компани байгуулсан нь тогтоогдсон талаар Б.Энхбаяр сайд хэлж байна лээ. Тиймээс нүүрс тойрсон хулгайчдад мөнгө, эрх мэдэл байгаад ч энэ удаагийн сонсголыг тойрч чадахгүй бололтой.

Хөгжлийн банкны сонсгол сүр дуулиантай эхэлсэн ч эцсийн мөчид шүүхийн шийдвэр улс төрд хамгаалалтгүй Ё.Баатарбилэгээр туг тахиж, Хөгжлийн банкны мөнгөөр туйлсан гэгдэх Н.Алтанхуяг, Н.Батбаяр, найзуудаараа нийлж 33 тэрбумын зээл авсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар мултарч үлдэж байсан түүхтэй.

Эрх баригч МАН дотор нүүрсний сонсголыг хийлгэх хүсэлтэй хүмүүсээс хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс нь дэндүү олон болчихсон энэ үед сонсгол хийнэ гэдэг тийм ч амар биш. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүртэл нүүрсчид, Эрдэнэтийн 49 хувийг авсан Худалдаа, хөгжлийн банкныхан хүчтэй, мөнгөтэй байгаа гэдгийг зарласан.

Нүүрсний сонсгол урьтаж жагсаал цуглаан хийнэ гэсэн таамаг байсан ч ямар нэгэн жагсаал цуглаан болоогүй ч жагсаалд уриалж байсан Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, “Босоо Монгол” хөдөлгөөнийхөнтэй “Оюу толгой”-н уурхайг бужигнуулж явна лээ. Ямартай ч нүүрсний сонсгол ийнхүү өнөөдөр эхэлж байна.

Эхлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” бус орон нутгийн гэгдэх “Тавантолгой” ХК-ийн сонсголоор эхэлж байгаа юм. “Ажнай” Д.Бат-Эрдэнийг тойрч, дэнгийн эрвээхий шиг эргэлдэж байсан түүний хүмүүс юу ярих, нүүрсний салбарт хаанчилж, “агсамнаж” явсан аархал энд хүрээд зогсох уу гэдгийг харах үлдлээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу