“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгээс зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний шат өнөөдөр (2023.12.04) эхэллээ.


 

Сонсголын эхэнд гэрчүүдийн ирцийн мэдээллийг танилцуулав. 

Өнөөдөр “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлын хүрээнд “Тавантолгой” компанийн ерөнхий мэдээлэл, баримт материалын иж бүрдэл сэдвээр 22 гэрчийг дууджээ. Үүнээс 17 гэрч мэдэгдэх хуудас хүлээн авчээ. Харин таван гэрчтэй холбогдож чадаагүй аж. 

Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдээс 12 нь сонсголд биечлэн оролцохоор иржээ. Мөн гэрчтэй хамт оролцохоор нэг өмгөөлөгч ирсэн байна. Тодорхойгүй шалтгаанаар зургаан хүн ирээгүй бол нэг гэрч хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадахгүйгээ бичгээр илэрхийлжээ. 

Тодруулбал, 

  • Г.Алтансүх – Ирсэн
  • И.Амарсанаа – Оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй. 
  • Д.Артаг – Оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй.
  • Ц.Батсайхан – Холбогдож чадаагүй
  • Б.Батсүрэн – Оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй.
  • Л.Батчулуун – Оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй.
  • Э.Болд-Эрдэнэ – Ирсэн.
  • Ж.Доржсүрэн – Холбогдож чадаагүй.
  • Н.Лхагвадорж – Ирсэн.
  • С.Мөнхжаргал – Оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй.
  • П.Мөнхтуул – Ирсэн.
  • Г.Өлзийбүрэн – Тодорхойгүй.
  • Б.Содномцэрэн – Оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй.
  • Х.Сугар – Ирсэн.
  • Р.Сэддорж – Ирсэн.
  • Х.Түмэнбаяр – Ирсэн.
  • Д.Үүрийнтуяа -Эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ илэрхийлсэн.
  • Г.Шүрэнхишиг – Өмгөөлөгчийн хамт ирсэн.
  • Н.Энхбат – Ирсэн.

Ирцийн мэдээллийг танилцуулсны дараа Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Талийгаач болсон хоёр долоо хоногийн өмнө дуудагдсан байсан. Тэдний ар гэрийнхнээс хүлцэл өчье. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдахаар болсон. 

АМГТГ-ын даргаар ажиллаж байсан бүх хүнийг дуудах нэрс дунд алдаа гарч, тус газрын Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан н.Өлзийбүрэнгийн нэр оржээ. Тиймээс гэрчийн жагсаалтаас хассан” гэлээ. 

Сануулахад, Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-нд, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны хооронд зохион байгуулна.

Эхний сонсголоор орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” компанийн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалттай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Хоёр дахь сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой хяналт шалгалтын дүнг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу