Израилийн хуурай замын цэрэг гурван өдрийн турш хүчтэй давшсаны эцэст Газын өмнөд хэсэгт нэвтэрчээ. Израиль Хан Юнисын хойд зүгт хуурай замын ажиллагаа явуулж эхэлснийг тус улсын зэвсэгт хүчний радиогийн мэдээллүүд баталсан байна.

Долоо хоногийн турш үргэлжилсэн гал зогсоох тохиролцоо өнгөрсөн Баасан гаригт дууссанаас хойш Израиль Газын зурваст бөмбөгдөлтөө дахин эхлүүлээд буй юм. Дээрх түр “эвлэрэл”-ийн үеэр ХАМАС Газад барьцаалагдсан 110 хүнийг сулласны хариуд Израиль 240 палестин хоригдлыг суллажээ.

Израилийн арми өнгөрсөн Ням гарагийн өглөө иргэдэд Хан Юнис хотыг нэн даруй орхин гарахыг уриалсан байна. Израилийн эрх баригчид тус хотод хойд зүгт болсон тулалдаанаас зугтсан ХАМАС-ын толгойлогчид болон хэдэн зуун мянган хүн нуугдаж байгаа гэж үзэж буй аж.

Израилийн арми довтолгоогоо өмнө зүг рүү шилжүүлсний дараа НҮБ-ын нэгэн албан тушаалтан Газын эмнэлгүүдэд өмнө нь харж байгаагүй дүр зураг бий болсон талаар хэлжээ.

ЮНИСЕФ-ийн ажилтан Жеймс Элдер Хан Юнис дэх Нассер эмнэлгийг “дайны бүс” гэж тодорхойлсон байна. Израилийн Ерөнхий сайдын зөвлөх хэлэхдээ, тус улс энгийн иргэдийг хөнөөхөөс зайлсхийж, энэ талаар ‘хамгийн их хүчин чармайлт’ гаргаж байна” гэжээ.

Ноён Элдер ВВС-д “Нассер эмнэлгийн ойролцоо байнга хүчтэй дэлбэрэлт болж, хүүхдүүд толгойдоо гэмтэл авч, аймшигтайгаар түлэгдэж, биедээ дэлбэрэлтийн хэлтэрхийнүүдтэй ирж ​​байна.

Хүмүүс миний гараас атгаж, эсвэл цамцнаас зуураад “Энэ миний байнга үйлчлүүлдэг эмнэлэг. Биднийг аюулгүй газар аваачиж өгөөч. Хаана аюулгүй байх вэ” гэж асууж байна. Харамсалтай нь, аюулгүй газар гэж байхгүй болсон” гэж ярьжээ.

ХАМАС-ын удирддаг Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, бөмбөгдөлт дахин эхэлснээс хойш 500 гаруй хүн амь үрэгдсэн байна. Мөн тус яамнаас “Дайн эхэлснээс хойш 15500 гаруй хүн уг зурваст амь үрэгдсэн” гэж мэдэгджээ.

Газад үлдсэн британи-палестин иргэн Мохаммед Галайни хотын нөхцөл байдлын талаар ВВС-д утсаар мэдээлэхдээ “Хүмүүс 50 ба түүнээс дээш хоногийн турш Израилийн харгис довтолгоог тэсвэрлэж, хоол хүнс, ус, эрчим хүч, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын үйлчилгээ авч чадахгүй, бүх нөөц маш бага байна” гэж ярьсан байна.

ХАМАС аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт довтолсны дараа Израиль Газын зурваст хариу цохилт өгч, бөмбөгдөж эхэлсэн бөгөөд 1200 орчим хүн амь үрэгдэж, 240 хүн барьцаалагджээ.

Өнгөрсөн Баасан гарагт байлдааны ажиллагаа дахин эхэлснээс хойш Газын зурвасаас Израиль руу байнга пуужин харваж байгаа аж. Израйль иргэдийг зурвасын хойд хэсгийг орхин явахыг уриалсны дараа хэдэн зуун мянган хүн хэдийнэ дүрвэжээ.

НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр, Газын зурваст 1.8 сая хүн дотооддоо дүрвэсэн байна. Тус байгууллагын Хүний эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Филиппо Гранди ВВС-д ярихдаа, Газын зурвас дахь палестинчуудыг “Нутаг дэвсгэрийнхээ дийлэнхийг эзлүүлж, ‘булан’ руу улам бүр шахагдаж байна” гэжээ.

Израйлийн цэргийн хүчнийхэн Газын зурваст ХАМАС бүлэглэлийн ашиглаж байсан “терроризмын хонгил”-уудын 500-г устгасан гэж мэдээлсэн бөгөөд одоогийн байдлаар 800 нь олдсон гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу