Чили улсын удирдагч Габриэль Борич Газын зурваст маш олон тооны палестин хүүхэд амиа алдаж, золиос болж буйтай холбогдуулан өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Нетаньяху болон түүний засгийн газар хүнлэг бус байгаа бөгөөд харгислал үйлдэж байна” гэж мэдэгджээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Кэтрин Рассел өмнө нь Израилийн бөмбөгдөлтөд өртөж, 48 хоногийн турш 5300 гаруй хүүхэд амь үрэгдсэн тухай мэдээлж, Газын зурвасыг “хүүхдүүдэд хамгийн аюултай газар” гэж нэрлэж байв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сарын өмнө “Газын зурвас ‘хүүхдийн оршуулгын газар’ болж байна. Өдөр бүр олон зуун охид, хөвгүүд амь үрэгдэж, шархдаж байна. Цаашлаад нярай хүүхдүүдийн дунд шингэн алдалтаас болж эндэгдэл ихсэх аюул нүүрлэлээ.

ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Газад дор хаяж 10022 хүн амь үрэгдсэний 4100 нь хүүхэд байна. Олон улсын байгууллагууд, эмнэлгүүд шархадсан хүмүүс хоол хүнс, цэвэр усгүй болж, тусламжийн хүрэлцээ хангалтгүй байна” гэж мэдэгдэж байв.

Тухайн үед НҮБ Газын зурваст өдөр бүр 400 гаруй хүүхэд амиа алдаж, эсвэл шархдаж байгаа бол дайн эхэлснээс хойш 300 гаруй мянган хүүхэд орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүй болсон талаар мэдээлсэн билээ.

Эх сурвалж: TASS, UN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу