Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.12.04) боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр дараах ажлуудын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм.

Яармаг дахь Хангарди ордны Б блокийн ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат: “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Зорчигч тээвэр гурав” баазын барилгын угсралт, Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явцын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Зорчигч тээвэр гурав” баазын ажилд 11 компани оролцож байгаа бөгөөд 2019 оноос хойш үргэлжилж буй. Тухайлбал, уурын зуухын барилгын ажил болон шатахуун түгээгүүрийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 55 автобусны багтаамжтай хоёр гараж бий. Энэ онд багтаан 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа эхний гаражийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нөгөө гараж нь 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Баазын хашаа, дэд бүтцийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд 110 автобус орох боломжтой шинэ автобус паркийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байна. Автобусны хоёр паркийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэв. 

  • Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобусуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн  өмчид бүртгэж, аж ахуйн нэгж,  компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна.
  • Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу