УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.12.04) болж хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Тодруулбал, “Өрийн дарамтгүй Монгол” аяны хүрээнд нийгэмд уг асуудал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл солилцож гишүүд байр сууриа илэрхийллээ. Мөн чөлөөт хэвлэлийг прокурорын шийдвэргүйгээр хааж байгаа талаар Засгийн газрын гишүүд болон салбарын төлөөллүүд санал солилцлоо. Үүний дараа бүлгийн гишүүд мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлэг өндөрлөж байна. Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 33 сая төгрөгийн өртэй гэдэг. Шинэ төрсөн иргэн бүр 10 мянган ам.доллар буюу 34 сая төгрөгийн өртэй гэсэн үг. Өр иргэдийн амьдрал руу орж, нөлөөлөөд эхэлсэн. Хөдөө орон нутагт иргэдийн гар дээр ямар ч мөнгө алга. Цагаан идээ, мах, сүү борлуулах гэтэл худалдаж авах хүнгүй байна. Иргэдэд бэлэн мөнгө байхгүй болж цалингийн зээлийн өрөнд орсон байна.

Мөн хөдөө орон нутагт бензин шатахууны хомсдол үүсээд нэг сар гаруй хугацаа боллоо. Өвс тэжээлийн дутагдал ч нүүрлэж байна. Шатахуун түлш нь нэг сумын колонк дээр хэмжээ тогтоочихсон нэг иргэнд 10-20 литр л олгож байгаа. Монголбанк энэ асуудлыг огт ярьдаггүй. Ардчилсан намын үед ийм болсон гээд долоон жил ярьж байна. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг ханддаг. Эрх баригчид асуудалд даанч сэтгэлгүй хандаж ирлээ.

“Саяхан улсын төсөв батлагдсан. Улсын төсвийг батлахдаа нэг их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх мөнгийг баталсан. Энэ мөнгийг өрөнд биш улсын хөгжилд зарцуулах боломжтой”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Хууль дагасан маш олон журмаар маш том эрхүүдийг авдаг. Тэр эрхээрээ дамжуулан иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг тэр журмаараа хааж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын оруулж ирж байгаа хуулийн төслийг яаралтай горимоор оруулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай болгох ёстой. Жишээлбэл, Зариг.мн сайт байна.  Нэг хүний бус нэг байгууллагын нийт сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаах нь буруу” гэв.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: “Ардчилсан намын бүлэг хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгд, “Өргүй Монгол” аяны талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн. Хоёрт, чөлөөт хэвлэлийг хуулиас давсан журмаар хааж байгаа талаар ярилцлаа. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө тодорхой хэмжээнд хамгаалагдсан хэдий ч янз бүрийн хуулийн цоорхой их байна. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах боломжгүй гарцыг тун сурамгай ашиглаж байгааг харлаа. Энийг нэн яаралтай зогсоох шаардлагатай. Ардчиллын тулгуур болсон хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах хуулийг нэн яаралтай өргөн барьж, ажиллахыг шаардаж байна” гэлээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу