“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хэсгээс зохион байгуулж буй нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

              

Сонсголд УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан, тайлбар өгч байна. 

Энэ үеэр тэрбээр “Өмнөговь аймагт 15 уурхай байдаг. Энэ бүх уурхай Монголын эдийн засгийг авч явж байна. Монголын экспортын 90 хувийг нь Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд нь “Энержи ресурс”, 0.4 хувьд нь Өмнөговь аймгийн оролцоотой “Тавантолгой” ХК ажиллаж байна. 

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй шахам байсан. Ардчилсан хувьсгалын үр дүнд би 2004 он хүртэл бизнес салбарт ажиллахдаа үнэт цаасны зах зээл дээр ажилласан. Энэ хүрээнд хувьцааг яаж өсгөх тал дээр санаа тавьж ирсэн. Үүний хүчинд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа хаана ч байхгүйгээр өсөлттэй яваа.

Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа орон нутгийн “Тавантолгой” компанийн хувьцаа шиг үнэтэй байгаасай гэж хүсдэг. “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ 13.500 төгрөг болсон. Нэгж хувьцаанд 5500 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, үнэ хүргэж чадсан бол Монгол Улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр авах бүрэн боломжтой байсан.

Шинжээч нарынхаа ажлыг хүндэтгэж байна. Долоо хоногийн дотор гайгүй ажил хийжээ. Хүчтэй комьютер ашиглажээ. Гэхдээ энэ мэдээллүүд дунд гүтгэлгийн чанартай мэдээлэл их байгаад анхаарах хэрэгтэй. Бид цөөхүүлээ байж нэгнийгээ муулж хөгжих юм уу. Нэгэндээ байгаа давуу талыг хамтдаа ярьж, цуглуулж байж хөгжих юм уу. Эдийн засаг тэлэхгүй бол номчирхсоор байгаад дуусна. Нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр 5,000 орчим ам.доллар байгаа. Үүнийг дор хаяж 10 мянган ам.доллар хүргэж байж улс орон тайвширч, улс төржилтийн халалт багасна.

Олборлолтын асуудал руу оръё.

Би компанийг удирдаж, мөнгө өсгөж явсан хүний хувьд зардлыг багасгах ёстой гэж үздэг. “Тавантолгой” ХК ямар зардлаар хөрс хуулалтыг хийсэн бэ. Нэг метр куб шороог хэдэн төгрөгөөр хуулсан бэ гэдгийг яагаад гаргаж тавихгүй байна вэ. Бид хамгийн хямд үнээр хөрс хуулалт хийж байсан. Үүнд том компаниуд ордоггүй байсан. Гэтэл Засгийн газраас “Тавантолгой” ХК-д БЭТ тавигдсанаар хөрс хуулалтын зардал 45-50 хувь нэмсэн. Ингэхдээ Өмнөговийн компаниудыг “түлхэж”, туслагч болгож байгаад Улаанбаатар хотын том компани орсон. Яагаад энэ асуудлыг ярихгүй байна.

Яагаад зөвхөн Өмнөговийн хүмүүсийг цоллоод байгаа юм бэ. Миний Өмнөговьчууд бүгд надтай холбогдож байгаа. Та нар миний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн боловч би нутгийнхантайгаа ярьж, хөөрдөг. 

Дахин хэлэхэд шинжээч нар намайг олны өмнө ор үндэсгүй гүтгэж байна. Намайг “Ёлын домог”, “Энгүүн Мойл” гэх олон компанитай нэгдмэл сонирхолтой гэсэн байна. Би насандаа худлаа ярьж, хулгай хийгээгүй. Үүнийг Монголынхоо ард түмэнд, өмнөговьчууддаа итгэл дүүрэн хэлье” хэмээн хэллээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр “Сүүлдээ Түр хорооныхноос баримт нэхээд эхэллээ. Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ, таны ажиллаж байх үеийн бүх бичиг баримт байхгүй байна. Та үүнд хариулт өг. Тэр бичиг баримтууд яасан бэ. 

Архивт байхгүй болохоор шалгаж, дүгнэлт хийж болохгүй байна. Үерт урсчихсан гэж хэлсэн гэсэн. Шатчихсан юм уу, эсвэл устгачихсан юм уу. 

Үүнд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Би архивын хүн биш. Би менежмент хийж, энэ компанийг ашигтай байлгахын төлөө л ажилласан. Нэгийгээ ингэж шахсан байдлаар Түр хорооны ажил явж болохгүй. Бие биедээ хүндэтгэлтэй хандъя”  хэмээн хариуллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу