Арилжааны мэдээллээс харахад, алтны үнэ бараг 1 хувиар өсч, трой унц тутамд 2100 доллараас давж, дээд амжилт тогтоосон байна.

Нью-Йоркийн “Comex” бирж дээрх алтны арванхоёрдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 17.7 ам.доллар буюу 0.85 хувиар өсч, нэг унц нь 2107.15 ам.доллар болжээ. Харин мөнгөний арванхоёрдугаар сарын фьючерс 0.09 хувиар өсч, унци нь 25.317 ам.долларт хүрсэн байна.

АНУ-ын макро статистик мэдээлэл өнгөрсөн Баасан гарагийн орой гарсны дараа алтны үнэ өсч эхэлжээ.

Алтны ханш 2018 оны зун доод тал нь 1160 ам.доллар байсан бол 2023 оны тавдугаар сард бараг 2073 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож, санхүүгийн хамгийн сонирхол татахуйц хөрөнгийн нэг болсон хэвээр байв.

Дэлхийн улс орнуудын Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь энэхүү үнэт металлын үнэ өсөхөд нөлөөлжээ. АНУ-д инфляц суларч буй шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөхөө зогсооно гэсэн хүлээлт үүсгэсэн нь мөн нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй аж.

Денвер хотод төвтэй, үнэт металл, санхүүгийн мэдээллийн GoldSeek.com порталын ерөнхийлөгч Питер Спина өнгөрсөн сард “Ази тивд алт эрэлт ихтэй байна. Тухайлбал, Энэтхэг улс гэхэд аравдугаар сард хүлээгдэж байснаас хамаагүй их хэмжээний алт импортолсон” гэж ярьсан билээ.

Тэрбээр “Үүнээс гадна Засгийн газрын бондын өгөөж саяхнаас буурсан, түүнчлэн өнгөрсөн сард ам.долларын ханш суларч, ХНС бодлогын хүүгээ дахин өсгөхгүй гэсэн хүлээлт бий болсон. Энэ бүхнийг бодолцож үзвэл алт унц нь 2000 ам.доллароос даван өсөж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтийг шинэчлэх магадлалтай” гэж нэмж хэлжээ.

Холбооны нөөцийн сан (ХНС)-гийн ээлжит хурал арванхоёрдугаар сарын 12, 13-нд болно. CME группын мэдээлснээр, шинжээчдийн 97.8 хувь нь зээлийн хүү одоогийн 5.25-5.5 хувьд хэвээр хадгалагдана гэж таамаглаж буй аж.

Эх сурвалж: COMEX, MARKETWATCH
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу