Висконсин мужаас сонгогдсон АНУ-ын сенатч Рон Жонсон “Украин, Оросын зэвсэгт мөргөлдөөн хэлэлцээрээр дуусна” гэж хэлжээ. Жонсон радио ток шоуны хөтлөгч Жон Катсиматидистэй “The Cats Roundtable” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхдөө Орос, Украины дайн бол “шударга тэмцэл биш” хэмээн хэлээд, Оросын цөмийн зэвсгийн тухай мэдээллийг дурдсан байна.

Улстөрч “Энэ дайныг эцэслэх цорын ганц арга бол хэлэлцээрийн замаар шийдвэрлэх явдал юм. Дайнд маш олон энгийн иргэн, Украин, Оросын цэргүүд амиа алдаж байна. Дайн үргэлжилсээр байвал Украин улам бүр хүчин мөхөсдөх болно. Тиймээс миний бодлоор тэд хэдийчинээ хурдан тохиролцоонд хүрнэ төдийчинээ сайн” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнд ийм үйл явдал таалагдахгүй байгаа ч “Энэ бол бодит байдал” гэдгийг ойлгох хэрэгтэйг хэлжээ. Гэвч АНУ-ын Конгрессын дээд танхимын нэгэн гишүүн мөн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНУ, Мексиктэй хилийн асуудлаа шийдвэрлэх хүртэл Украин руу нэмэлт мөнгө илгээх төлөвлөгөөгүй байгаа талаар хэлсэн байна.

Рон Жонсон “Путин энэ дайнд ялагдахгүй. Энэ мөргөлдөөн дуусах ёстой. Бидний хувьд үр дүн таагүй байх боловч өдөр ирэх тусам бидэнд таалагдах болно” гэж дүгнэж буй аж.

АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын хорооны дарга, генерал Чарльз Браун Үндэсний батлан ​​хамгаалах асуудлаарх Рейганы форумд үг хэлэх үеэрээ “Украин дахь мөргөлдөөнийг зөвхөн цэргийн аргаар зогсоох боломжгүй” гэж мэдэгджээ.

Орос улс хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн ч Киевийн эрх баригчид татгалзсаар ирсэн билээ. Өдгөө асуудлыг тайван замаар шийдэх боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа бөгөөд Москвагийн хувьд тусгай ажиллагааны зорилгодоо хүрэхийг эрмэлзэж байгаа талаар Кремль мөн тэмдэглэжээ.

Эх сурвалж: THE HILL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу