Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУГЖ Цэрэннадмидийн Түмэнжаргалтай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатарын унаган охин бөгөөд багаасаа уртын дуучин болно хэмээн хүсэж, мөрөөддөг байжээ. Түүний хүсэл биеллээ олж, 20 гаруй жил уртын дуугаа хөгжүүлж, олны хүртээл болгохын зэрэгцээ хойч үедээ уламжлан үлдээх их үйлсэд зүтгэж буй билээ. 

-Уртын дуучин болсон замналаа одоо эргэн дурсвал сонин байх болов уу? 

-Аав, ээж минь их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Намайг бага байхад үсний, одонгийн гэх мэт найрыг томоохон ресторанд хийдэггүй байлаа. Ихэвчлэн гэрт хийдэг байсан. Тэр үед миний ээж алдарт эхийн I, II одон хүртэж, найр хийсэн юм. Энэхүү найрнаар аав, ээжийн ажлын хүмүүс орж ирж дуулдаг байлаа. Тэр үед голдуу ардын дуу дуулж, хуурддаг байсан. Мөн тэр үеийн зохиолын буюу нийтийн дуу ард түмний дунд ардын дуу шиг болсон байж дээ. Тэдгээр сайхан дуунуудыг дуулж, чихэнд хоногшсон болохоор дуучин болох хүсэл мөрөөдөл, замнал тавигдсан гэж боддог. Багаасаа л ардын дуучин болно гээд “Ардын дуучин Түмэнжаргал” гэж өөрийгөө зарлаад, гэртээ дуулдаг байсан (инээв). Ээж маань мөн гэртээ дээл, хувцас оёж байхдаа дуулж, исгэрдэг байсан. Энэ бүхэн надад дууны жигүүр ургуулахад их нөлөөлсөн гэж бодож явдаг даа. 

-Ардын болон уртын дуу хүний хүмүүжил, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би ажлынхаа хажуугаар уртын дуу дуулдаг боловсон хүчин бэлтгэе хэмээн зорьж, Сити их сургуульд Уртын дууны багшаар давхар ажиллаж байна. Ер нь ажиглаж байхад уртын дуу ардын дууны үг хүнд сургамж, гэгээрэл өгдөг. Аав, ээж, эх орноо хайрлах энэрэнгүй сайхан сэтгэлийг ардын дуу шүлгээрээ дамжуулж сургадаг юм. “Үг нь зэмлэж, аялгуу нь аргадсан ардын дуу мину” гэдэг шүү дээ. Би өөрөө дуундаа дуртай болохоор дууныхаа тухай ярихаар баярладаг, бахархдаг, баярын нулимс гэдэг шиг нулимс дүүрээд л ирдэг (нулимс унагав). Хүн мэргэжилдээ дуртай, хайртай байх гэдэг л энэ юм болов уу. 

-Таны хувьд олон жил Үндэсний их баяр наадмыг эхлүүлж, уртын сайхан дуугаа эгшиглүүллээ. Уран бүтээлч хүн бүхэнд тохиогоод байдаггүй ховорхон хувь заяа хэмээн бодож байна?

-Тийм шүү. Уран бүтээлч хүн бүхэнд тохиогоод байдаг боломж биш гэж боддог. Миний хувьд 2016, 2017, 2018, 2023 оны төрийн хүндэтгэлийн тоглолтод уртын дуугаа дуулсан. Л.Балхжав, Ш.Гүрбазар ахын “Миний Монголын наадам” хэмээх бүтээлийн эхлэл, төгсгөлийн уртын сайхан дууг дуулах хувь тохиосонд баярлаж явдаг. Заримдаа өөрөөрөө бахархдаг. Энэ сайхан төрийн тоглолтуудад дуулах их хувь надад тохиосонд төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярладаг. Мөн хүн бурхны бүтээл болохоор бурхандаа их талархдаг юм. 2023 оны Үндэсний их баяр наадамд “Уяхан замбуу тивийн наран” хэмээх алдартай сайхан дууг нар ижий болон дуулж, Монголынхоо ард түмэнд зориулж, өөрийнхөө дуу хоолойгоор эгшиглүүлэх боломж олдсонд баярладаг. Наадмын комиссын хамт олонд уран бүтээлч хүнийг нээж харуулах, урам хайрлаж байгаад хувийнхаа зүгээс баярлаж явдгаа илэрхийлмээр байна. 

-Орчин цагт ардын болон уртын дуу сонсох хүн багассан санагддаг. Ялангуяа залуус сонсох нь бага байх? 

-Хүн хүний аливаа зүйлийг хүлээж авах, хөгжмийн урсгалыг мэдрэх мэдрэмж ялгаатай байдаг. Тэрнээс залуус сонсохгүй байна гэдэг өрөөсгөл л дөө. Ардын болон уртын дууг хөгжмийн өөр хэмнэлд оруулж дуулахад залуус сонирхож байгаа нь ажиглагддаг. Морин хууртай уртын дуугаа дуулахаар арван хэдтэй, хорин хэдэн настай хүүхдүүд шууд хүлээж авах нь юу л бол. Гэхдээ үүнийг бишрүүлэх нь уран бүтээлч хүнээс их шалтгаалдаг юм болов уу гэж боддог. Энд тэнд очоод, уртын дуу дуулахаар хүүхдүүд суугаад, сонсоод л байдаг. Тэгэхээр тэр хүүхдийн мэдрэмж уртын дуу тал руугаа байна гэсэн үг. Мөн дуу маань илэрхийлэгдээд, хүрээд байгаа юм болов уу гэж боддог. Би саяхан Уран зургийн галлерейд нэгэн зураачийн уран бүтээлийн үзэсгэлэнд очиж дуулсан юм. Тэнд “Үлэмжийн чанар” дууг дуулахад үзэсгэлэн үзээд явж байсан оюутнуудаас гурав, дөрвөн хүүхэд “Ямар гоё дуулдаг юм бэ, эгч ээ баяр хүргэе” гэж хэлсэн. Тэгэхээр ийм сайхан залуу хүүхдүүд уртын дуугаа зүрх сэтгэлдээ хүлээж аваад, тэр мэдэрсэн мэдрэмжээ илэрхийлээд, талархаж байгаа нь их сайхан санагдаж байсан. 

-Уртын дуугаар найр эхлүүлдэг, түрдэг хүн цөөхөн болсон гэвэл та санал нийлэх үү?

-Сүүлийн жилүүдэд шинэ гэр, байшин, байрны найр хийхдээ морин хуур, уртын дуугаар жавар үргээдэг уламжлал сэргэж байна. Тэгэхээр монголчууд үнэт өв, уламжлалаа үеэс үед алдахгүй хадгалж, авч яваа ард түмэн юм.

-Манай уртын дууг гадныхан ер нь хэр хүлээж авдаг вэ?

-Уртын дууныхаа буянаар олон оронд, томоохон арга хэмжээнд дууллаа. Энэ их буян хишгийг хүртэж буйдаа маш их талархаж, дотроо сүсэглэж явдаг даа. Өөр оронд, өөр орны хүмүүст Монголынхоо уртын дууг хүргэж байхад тэдний мэдрэмж ондоо санагддаг. Яг миний дуулж байгаа тэрхэн зүгт л тэр хүний анхаарал төвлөрдөг. Жишээлбэл, япончууд эхний 30 секунд хараад сонсож байснаа 30 секундээс хойш нүдээ аниад, дуундаа орчихдог юм. Тэгэхээр уртын дууны эгшиг хүнд ямар сайхан мэдрэмж төрүүлдгийг харж болохоор. Эргээд бид тэрхүү мэдрэмжээс улам гоё дуулах юмсан гэсэн авшиг хүртдэг. 

-Таны бодлоор уртын дууг өвлүүлэх, хөгжүүлэх, дэлгэрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Төрийн бодлого хэрэгтэй юу?

-Нэг үе төр засгийн ардын урлагаа хөгжүүлэх бодлого алдагдсан байсан. Харин одоо эргээд төр засгаас анхаардаг болжээ. Уран бүтээлчдийг төрийн айлчлал, олон улсын арга хэмжээндээ урьж, дуулуулдаг болсон байна. Ийнхүү дуулж явж байхдаа төр засаг, удирдлагууд уртын дууг маань хэр үнэлж, ямар ойлголттой явдаг вэ гэдгийг мэдэрдэг. Ямартаа ч алхам алхмаар урагшилж байна. Биднийг улам ихээр дэмжээсэй, бодлого шийдвэр нь ардын урлагаа авч явж буй уран бүтээлчид рүү чиглэсэн байгаасай, уламжлал өв соёлоо олон олон жил авч яваасай гэж бодож байна. Уртын дуу, ардын дуу маань миний хувьд их амьтай. Амьтай учраас хэзээ ч мөхөхгүй гэж боддог. Уртын дуу маань үүрд мандан бадарч, мөнхөд орштугай гэсэн ерөөлийг өргөе.

-Цаашдаа ардын болон уртын дуугаа үзэгчдэд ямар байдлаар хүргэх вэ?

-Аливаа юмны уламжлалыг нь авч явна гэдэг гол зорилго, амин сүнс гэж би боддог. Аяыг нь өөрчлөөд, дуртай хэсэгтээ ая зохиож оруулаад байвал анхны бие гэдэг нь сарниад алга болно. Иймээс миний хувьд уламжлалаа хэвээр нь авч явахыг хичээдэг. Хуучны сайхан аялгуугаа барьж, өөр хөгжмийн урсгалаар чимсэн ганц, хоёр дуу гаргасан. Үүнийгээ улам хөгжүүлээд, уламжлалыг нь алдахгүй явж, илүү олон бүтээл гаргаж, ард түмэндээ хүргэе гэж боддог.

-Уран бүтээлийн ариун үйлсэд тань амжилт хүсье.

Л.ХОНГОРЗУЛ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу