Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг өчигдөр /2023.12.05/ ажлын байрнаас нь баривчлан, цагдан хорих 461-р анги руу авч явсан билээ. 

Тэрбээр цагдаагийн хоёр алба хаагчид “чирүүлэн” машин руу явах хоорондоо “Намайг найман ишигний хэргээр цагдан хорих гэж байгаа юм байна. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд надад хилийн хориг тавих шийдвэр гаргасан. Гэтэл цагдан хорих захирамж дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн байна. Нэг хэргийг  хоёр өөр шүүх хоёр удаа хэлэлцэж болдог юм уу” хэмээн хэлсэн. 

Тэгвэл энэ асуудалд шүүхээс тайлбар гаргажээ. Тайлбартаа Н.Өнөрцэцэгийг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад ирээгүй нь цагдан хорих үндэслэл болсон хэмээсэн байна. 

Тодруулбал, “Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн таван үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Н.Өнөрцэцэгийг мөрдөгч нараас 21 удаа утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй учраас прокуророос мэдэгдэх хуудсаар нийт 6 удаа дуудахад гуравт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хуульд заасан яллагдагчийн хүлээсэн үүргийн зөрчилд хамаарах тул прокурорын цагдан хориулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” хэмээжээ.

Сануулахад, Үүнээс тав хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Өнөрцэцэгт холбогдох “Өөрийн цахим хаяг болох Unurtsetseg Naran гэх фейсбүүк хаягаар шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллүүдийг олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд тараасан” гэх  хэргийг хэлэлцэж, хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч байв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу