“МАН-ын том удирдлагууд том хулгайчдад биеэ үнэлээгүй бол хариуцлага тооц. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөвөө” гэдэг шиг бүх эрх мэдлийг өгсөн. Нүүрсчдээс ард түмнийг хамгаалаарай гэсэн болохоос биеэ үнэлээрэй гээгүй шүү. Ойрын хугацаанд илрэхгүй бол хариуцлага тооцох болно” хэмээн /2023.12.05/ өдгөөгөөс яг нэг жилийн өмнөх энэ өдөр УИХ-ын индэр дээрээс хамгийн чангаар орилсон хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар.

Нүүрсэнд нэр холбогдсон хүмүүсийг шалгаж, хуулийн хайчаар тас цохь хэмээн сүржигнэж байсан хүн мөн л С.Ганбаатар. Түүнийг иргэд дэндүү шударга гэж ойлгодог. Тийм шударга харагдах өнгөн далдлалтаа ч тэр хангалттай сайн хийж ирсэн.

УИХ-ын захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан Нотлох баримтыг хянан шинжлэх түр хороо өчигдөр нүүрсний хулгайн сонсголыг “Тавантолгой” ХК-иар эхлүүллээ. Тус компанийн үе үеийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлуудын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүсийн нүүрсэнд хутгалдсан нөлөөлөл, хөрс хуулалтын үнэ, экспорт, ТУЗ-ийн гишүүдийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаас эхлээд асуудал их байна.

Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр өнөөдөр. Энэ өдрийн сонсголоос эхлээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Нотлох баримтыг хянан шинжлэх түр хорооны хуралд суулгамааргүй байна.

Өчигдөр шинжээч “Тавантолгой” ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцуулах үед “Болор-Аграмба” ХХК 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар мэдээлэл өгсөн. Тус компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг байгааг хэлсэн юм.

Үүнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрстэй холбоотой хувь эзэмшдэг компанийн Д.Баярмаа гэх хүнтэй миний хань өөр компани байгуулсан юм шиг байна гэж хэллээ. Энэ бол үндэсгүй худлаа. Гэртээ хүүхдээ хараад, 20 жил болж байгаа миний хань тийм зүйлтэй байхгүй. Хөгжлийн банкны сонсголын үеэр бас нэг зээл авчихсан нөхрийн таньдаг ах нь, аав нь ч билүү миний дотнын хүн байсан гэж яригдсан. Би тэр үед чимээгүй өнгөрсөн шүү. 

Тиймээс энэ гүтгэлгийг цагдаагийн байгууллагаар яаралтай шалгуулах хэрэгтэй. Би 20 жил бөөс, хуурсаа шалгуулчихсан хүн. Хэрвээ ямар нэг зүйл байсан бол намайг аль хэдийнэ дүүжилчихсэн байгаа. Манай эхнэрт юу ч байхгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Цагдаад хандаж тодруулаарай. Үгүй бол та нар худлаа ярьсан болж хувирна шүү” хэмээн мэдэгдаж, бухимдаж байгаа харагдсан.

Арга ч үгүй биз. Улстөрчдийг шударга имижээрээ тэргүүлж ирсэн түүний хувьд шинжээчийн дүгнэлт хамгийн хүнд цохилт болсон. Тийм ч учраас нэрэндээ хайртай түүний хувьд ингэж хэлүүлснийхээ төлөө “үхэх”-д бараг бэлэн байсан байх. Тэр ийм л шударга дүрийг бүтээсэн. Харин түр хорооны дарга Б.Энхбаяр С.Ганбаатар гишүүнд тэгж сүржигнэх шаардлагагүйг сануулсан юм.

С.Ганбаатар хөшигний цаадах хулгайч уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болсон. Түр хорооны дарга Б.Энхбаяр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллийг ил болгоход “Болор-Аграмба” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Доржпүрэвийн Баярмаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшдэг нь ил болж, “босоо” Ганбаа гишүүн нүүр хийх газаргүй болов.

Тэрбээр “2018 онд намайг УИХ-ын гишүүн биш байхад манай эхнэр бизнес эрхлэхээр компани байгуулсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Уг нь шинжээч нар үүнийг л хэлсний төлөө цагдаа цэрэгтээ тулах ухааны юмыг С.Ганбаатар өөрөө л ярьсан. Өөрөө л өөрийгөө хамгийн шударга гэж өргөмжилдөг түүний хувьд энэ удаагийн нүүрсний сонсголоос сайн дураараа нэрээ татмаар байна. Өөрөө нэрээ татаж, шударга гишүүн гэдгээ харуулахгүй бол Хянан шалгах түр хороо хөөчихмөөр байгаа юм. Энэ мэтчилэн “баас”-тай бурхад чинь нүүрсний сонсголыг хөлдөө чирж мэдэх нь дээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу