“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

         

Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагын хууль бус газар олголтын талаар шинжлэн судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 4557 га газрыг тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт нар гадаадын 40 компанид эзэмшүүлжээ. Компаниудын талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

Үүнтэй холбогдуулан Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг гэрчээр дуудан, асууж байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таны захирамжаар гадаад эзэнтэй компаниуд болон хувь хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Үндсэн хуулиар гадаадын иргэнд газар эзэмшүүлдэг юм уу, ашиглуулдаг юм уу?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: 75 аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн гэж хэлээд, 40-ийг нь нэрлэлээ. Би Засаг даргын албыг гурван жил хашиж байна. Энэ хугацаандаа нэг ч гадаадын иргэн, компанид газар олгоогүй. Үе үеийн засаг дарга нар олгоогүй гэж би ойлгож байна. БНХАУ-ын иргэд газар аваад байгаа учраас нэг ч гэсэн монгол хүнд олгоё гэдэг үүднээс дуудлага худалдааны үнэ төлүүлж олгож ирсэн. Би энэ зарчмын дагуу л олгосон. Сүүлд нь шилсэн тохиолдол байх шиг байна.

Гадаадын иргэн, компанид ашиглалтаар газар олгох ёстой. Би нэг ч удаа ашиглалтаар газар олгоогүй. Эзэмшлээр дандаа ионгол компаниуд авч байна. Цаанаа ямар эзэмшилтэй байдаг нь газрын мэдээлэлд харагддаггүй. Мэдээллийн зөрүүтэй зүйлс яригдаж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаатай ашиглуулдаг юм бэ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Газрыг гадаадын иргэдэд таван жилийн хугацаатай ашиглуулдаг. Монгол иргэдэд 15 жилээр эзэмшүүлж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Гадаадын иргэдэд ямар хугацаатай эзэмшүүлээд байгаа юм бэ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Гадаадын иргэнд эзэмшүүлэх хууль байхгүй. Хориотой.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таны захирамжаар дандаа гадаадын иргэдэд эзэмшүүлсэн байна шүү дээ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Шинжээчид буруу зөрүү мэдээлэл цуглуулсан байна. Хөрөнгийн мэдүүлгээс авсан мэдээлэл байна. Газрын мэдээлэлд ийм зүйл байхгүй. Бүгд монгол хүний нэртэй.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Жижиг “Тавантолгой” ХК-иас “10 га газрыг нүүрс ачилт, буулгалтын талбай болгох зориулалтаар худалдан авах” тендер зарлаж байсан. Энд таны захирамж гаргасан газар эзэмших эрхтэй компаниуд 10 гаруй тэрбум төгрөгийн үнийн санал өгч байж. Үүнээс харахад нэг га газрын нэг тэрбум орчим төгрөгөөр үнэлж зардаг юм байна гэсэн үг. Газар эзэмших эрхийг худалдан борлуулдаг уу?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Тухайн газар эзэмшигч ААН бусдад шилжүүлэх эрх нь нээлттэй.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Эзэмших эрхийг худалдан борлуулах нь хуулиар хүлээн зөвшөөрөгддөг үү?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Болохгүй гэсэн хууль байхгүй.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Энэ бол таны захирамж гаргаж олгосон газруудын нэг га-г нэг тэрбумаар үнэлдэг гэдгийг илтгэсэн баримтууд байна. Та захирамж гаргаж, энэ олон газрыг зарахдаа мөнгө авч байсан уу?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Надад мөнгө авсан асуудал байхгүй. Энэ бол буруу ойлголт.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та улс төрийн томилгоотой хүн мөн үү?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Тийм

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Аль намаас томилогдсон бэ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: МАН-аас

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Хэн томилсон бэ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Түр хорооны дарга Б.Энхбаяр: МАН-аас хэн гэдэг хүнтэй холбогдож, энэ албан тушаалд очсон бэ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Сумын Засаг дарга хэн нэгэнтэй холбогдож, энэ  албанд томилогдохгүй л дээ. Сумын ИТХ олонхиороо дэмжиж, аймгийн Засаг даргад уламжилж, батламжилдаг.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та газар зарсан мөнгөө МАН-ын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ?

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Надад газар зарсан тохиолдол байхгүй. Нэгдүгээрт, би дуудлага худалдааныхаа үнийг төлөөгүй компанид газар олгоогүй. Хоёрт, газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд суугаагүй газар олгоогүй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу