УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо “Нүүрсний сонсгол” зохион байгуулж байна. Эхний өдөр орон нутгийн “жижиг” Тавантолгой буюу Тавантолгойн бүлэг ордоос 0.4 хувийг эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийн 1995 оноос хойшхи тайлан, үйл ажиллагааны хөтөлбөр, нүүрс тээвэрлэлт, олборлолт, хөрс хуулалтын баримт бичиг, компанийн ТУЗ-ийн шийдвэр зэргийг хэлэлцэж буй билээ.

Энэхүү компанийн ердөө 19 хувийг эзэмшдэг гэх “Ажнай” группийн эзэн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн эзэмшил 19.6 хувиар тогтохгүй байсныг нотлох олон баримт ар араасаа гарч ирж байна.

Шинжээчийн дүгнэлтээс харахад, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2009 онд Д.Бат-Эрдэнийг томилохдоо л хууль зөрчжээ. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл ТУЗ-ийн даргаар ажиллахдаа жижиг хувьцаа эзэмшигч байсан нь Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл байсан гэв.

Түүнийг ажлаа өгснөөс хойш “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон ч дандаа “Ажнай”-гийн хамаарал бүхий цүнх баригч, эс бөгөөс ах дүү амраг садан нь томилогдсон гэхээр орон нутгийн 51 хувь тэнд хэзээ ч давуу эрх эдэлж байгаагүй, бүгд хүзүү, сээрээрээ хэлхэлдсэн байсныг харж болох нь ээ.

Тодруулбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн үеэл Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ.

Мөн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий 2013 онд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан байна. Үүнээс гадна түүний туслахаар ажиллаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2014-2020 он хүртэл зургаан жил Гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Дан ганц ТУЗ, Гүйцэтгэх захирлын томилгооны ургийн модноос гадна Д.Бат-Эрдэнийн хамааралд буй охин компаниудын тоог өнөөдрийн хэлэлцүүлгээр ил болгосон бөгөөд “Ажнай” гэх нэрний цаана тоо томшгүй, тоогоо алдсан олон компани байгуулж, түүнийхээ ТУЗ, Гүйцэтгэх захирлаар Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгч нарыг оруулах байдлаар мөнгө угаасан байж болзошгүй асуудал ч бий болоод байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Сугир гэхэд л Д.Бат-Эрдэнийн үед 35 ам.доллароор нүүрс зарж байсан ч 70 ам.доллароор зарах боломж байсныг хэлээтэхэв. Эндээс харвал нүүрсийг маш хямдаар аваад, өөрийн эзэмшил бүхий тээврийн компаниар дамжуулан 70 ам.доллароор зарж, өөрийн дүү нарын компанид хөрс хуулалтын ажил өгч, дундаас нь ашиг олсон байх нөхцөл байдал ч яригдах нь ээ.

Д.Бат-Эрдэнийн “Ажнай” группийн охин компаниудын жагсаалтыг танилцуулвал:

-“Тавантолгой” транс ХХК – Бэрэнметал ХХК буюу Бэрэн группын Мөнхтөртэй хамааралтай

-Тост тосон бумба НҮТББ, – Шанх амазон сан ХХК (Б.Бадраа нь хамтран байгуулагч),

-“Ханбогд проперти” ХХК Жүдо бөхийн гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатартай хамтардаг.

-“Бэрэнстийл” ХХК,

-“Баянговь нутаг” ҮТП ХХК,

-“Эрхмүүн лакшри” ХХК,

-“Лайфтайм капитал менежмент” ХХК,

-“Монгол поло” клуб ХХК,

-“Азианложистик тийм” ХХК,

-“Тэнгэрлэг эх орон” ХХК,

-“Шанхай ажнай” ХХК (эзэмшиж байсан),

-“Капитронбанк хаалттай” ХХК (Уг компанийг Баянгол зочид буудлын эзэн Билли Лим Син Пау эзэмшиж байсан),

-“Гурвансайхан интернэшнл” ХХК (Татан буугдсан) хэмээх компаниудыг эзэмшиж байжээ.

“Тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэлт, олборлолт, хөрс хуулалт хийх замаар борлуулалт хийсэн компаниуд ч Д.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбоо хамааралтай гэдгийг үдээс хойшхи хуралдааны үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр цугласан баримтад үндэслэн нийтэд дэлгэлээ.

-Хамгийн их борлуулалт хийсэн “Ингүүмэл энх” ХХК Жүдо бөхийн холбооны гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын 50 хувь эзэмшиж байсан компани бөгөөд Х.Болдбаатар нь Д.Бат-Эрдэнийн “Ханбогд проперти” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг бид өмнө нь мэдээлсэн.

-Олсон ашгаараа хоёрдугаарт, эрэмбэлэгдсэн “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэшигч аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Амгалан нь гишүүн асантай ХЗХ хамтран эзэмшихээс гадна “Цэций нутаг”, “Шанхын хүлэг” ТББ-аар холбогджээ.

-576.2 сая төгрөгийн ажлыг 2016 онд хийсэн “Ёлын домог” ХХК Н.Батсайхан гэх иргэний нэр дээр байдаг. Тухайн иргэн “Цэцийн хөгжил” ХЗХ-д хувьцаа эзэмшдэг. Харин тус ХЗХ-г өнөөгийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын төлөөлөгч Н.Амгалан, Д.Бат-Эрдэнэ нар хамтран байгуулжээ.

-2018-2022 онд “Говь түрүү” ХХК 80 тэрбумын олборлолт хийсэн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Б.Эрдэнэ-Очир, Х.Түмэнбаяр, В.Мөнхбат, Ш.Баянбат, Б.Батаа, Н.Хүрлээ, Н.Энхбат, Т.Золжаргал нарын төлөөлөгч нарын хамааралтай аж. Тодруулбал, Л.Одгэрэл гэгч этгээд тус компаний 80 хувийг эзэмшдэг бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ 20 хувийн эзэмшилтэй.

Н.Хүрлээ, Б.Эрдэнэ-Очир нар “Эрхэм сүлд монгол” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн бол Н.Хүрлээгийн өөр нэг компани болох “Өмнэгдэл” ХХК-д Х.Түмэнбаяр, Ш.Баянбат, Б.Батаа, В.Мөнхбат, Т.Золжаргал, Н.Энхбат зэрэг төлөөлөгч нар бүгд долоон хувийн хувьцаатай байжээ.

-80 тэрбумын тээвэрлэлт хийсэн “Ёл Ази” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батаа, Н.Хүрлээ нар хамтран эзэмшдэг бол “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Нарантуяатай “Агро мастер” ХХК-иар холбогдсон. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуунтай “Нутгийн гоёо” ХХК-иар 20 хувийн хувьцаа эзэмшлээр холбогджээ. Нийтдээ Өмнөговь аймгийн ИТХ-ын 13 төлөөлөгч болон тус компанийн ТУЗ-ийн гишүүд “”Ёл ази”-аар дамжуулан тээвэрлэлтэд оролцож, 80 тэрбумын орлого олжээ.

-2014 онд 92.4 сая төгрөгийн олборлолтын ажил хийсэн “Уужим од” ХХК-ийн 50 хувийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын “Уужим говь” ХХК эзэмшдэг. Харин долоон хувийг Аймгийн ИТХ-ын таван төлөөлөгчийн хамтран эзэмшдэг “Өмнэгдэл” эзэмшдэг бол, “Эрхэм сүлд” буюу Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээгийн компани, “Ханбогд ложистик” компани буюу аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Буян-Өлзийгийн компани 17 хувь, “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарын компани, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяагийн “Гэгээн говийн залуус” ТББ зэрэг нь энэхүү олборлолтод холбоо хамаарлаар оролцжээ.

-Хоёр удаа 119 сая төгрөгийн олборлолт хийсэн “Их говийн уул” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Баярмаа нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонбаяртай “Об капитал” ХХК-ийг хамтран эзэмшдэг.

-Хоёр удаа буюу 26 тэрбум төгрөгийн ажлыг авсан “Хавцгайт их хайрхан” УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хүү Д.Ангарын компани

-2016-2022 онд 25 тэрбумын ажил хийсэн “Язгууртны говь” ХХК Аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын төрсөн дүү В.Насанбатын компани байжээ.

Хамтарч хуулийн этгээд эзэмшиж буй бол нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд хэмээн тодорхойлдог учраас эдгээр хүмүүс хамтраад буюу нэгдмэл сонирхлоор “Тавантолгой” ХК гэх бялууг хуваан хүртэж байсныг дээрх тоо томгүй, толгой эргүүлсэн компаниудын жишээ харуулж буй юм.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ “Миний олон дүү Өмнөговь аймагт бий. Тэд бүгд надад хамаатай. Тэд хамгийн хямдхан үнээр ажил хийдэг. Гаднынн компани орж ирээгүй. Үнэ нэмэх л юм бол компани алдагдалтай болдог” хэмээн биеэ өмгөөллөө.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу