“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ажиллагааг судалж байна.

“Женералтек” компани 2013 онд 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 19.2 мянган тонн нүүрс нийлүүлжээ. Тус компанид нэгдмэл сонирхолтой этгээдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар бүртгэгджээ. 

Тодруулбал, “Женералтек” компанийн эцсийн өмчлөгч болох Х.Болдбаатар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү аж. Тус компанийг одоо Х.Болдбаатарын хүү Б.Батболд 100 хувь эзэмшиж байна. 

Б.Батболд нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Д.Баатартай “Глобал аппарел лимтед” компанийг хамтран эзэмшдэг аж.

Үүнд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав “Х.Болдбаатар гэдэг хүн өөрийн компаниа байгуулаад “Тавантолгой” компаниас нүүрс авсан юм байна. Манай дүү энэ хүнтэй хамтарч өөр компани байгуулсан учраас холбоод байна. Энэ талаар би дөнгөж сая дүүгээсээ тодрууллаа. Манай дүү Х.Болдбаатар болон бусад хоёр хүнтэй нийлж оёдлын компани байгуулсан. Х.Болдбаатар цаанаа хэдэн компанитай талаар мэдэхгүй гэж байна. 

Энд бүх хүн хуулийн хүрээнд баримт нотолгоотой зүйлсийг тал талаас хэлэлцээд, шаардлагатай бол хуулийн байгууллага руу шилжүүлэх ёстой. Харин хэн нэгэн хүний субъектив бодол тэнэж явах ёсгүй шүү. 

Б.Энхбаяр дарга аа, өмнөх би танд нотолгоотой, үнэн зүйл яриарай гэж хэлсэн шүү. Гэтэл та Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор хоёр нийлж байгаад нүүрс аваад явчихлаа гэсэн үү. Та хувийн дүгнэлтээ хэлэх эрхгүй шүү. Хүний нэр төр гэж бий” хэмээн хариуллаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу