Сүхбаатар, Баянзүрх дүүргийн гэр хорооллын зарим гудамжаар алхлаа. Эндээс хаашаа ч харсан битүү саарал утаа хөшиглөж, уртхан амьсгаа авбал хоолой хорсоно. Уул толгодыг нөмрөн оршдог гэр хорооллын элдэв асуудал дуусна гэж үгүй.

Өвлийн цагт утаанаас гадна ил задгай асгасан угаадас, хөлдүүс, мөн түүний ойролцоо асгасан үнс нурам хамгийн их бохирдол үүсгэдэг. Ингэснээр маш олон төрлийн гэдэсний халдварт өвчин дэгддэг болохыг Сүхбаатар дүүргийн 12-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Г.Алтанцоож бидэнтэй ярилцахдаа онцолсон юм.

Тэрбээр “Гэр хороололд мэдээж бохир усны нүх зуун хувь шийдэгдчихсэн асуудал биш. Үүнээс үүдэн ил задгай бохир ус угаадас асгах тохиолдол байсаар л байна. Зарим айл бүр замтай ойрхон асгаснаас халтиргаа гулгаа үүсгэдэг. Үүн дээрээ арга хэмжээ авч байна гээд үнс асгачихдаг. Ингээд л өнөөх нь хавар болтол хөлдүү байх ч гэлээ гэсэхдээ цусан суулгаас эхлээд олон өвчний эхлэл болдог.

Мөн одоо өвлийн эхэн саруудад гүйцэд хөлдөөгүй бохирдол нь ханиад, томууны дэгдэлтийг нэмж, эмчилгээний хугацааг урсгадаг нь ажиглагдаж байна. Тав хоног эмчилгээ хийгээд эдгэдэг байсан ханиад 10 хонох жишээтэй” хэмээн ярилаа.

Төв замаас эргээд аль ч гудамж руу орсон үзүүрт нь ил задгай бие зассан дүр зургийг харж болно. Мөн ойрын хэд хоног хог ачаагүй бололтой хаа сайгүй овоолсон хог харагдана. Нохдын зууж яваад цувуулсан хогийг хамаад цэвэрлэх нэг ч хүн үгүй мэт өглөөний 09.00 цаг. Гэр хороолол нам гүм. Бүгд ажил, хичээлдээ явсан бололтой. Хаа нэг ганц машин өнгөрнө.

Халтиргаа ихтэй өгсүүр газруудад хүрч чадалгүй, доор нь харж зогсоход машинууд бэлээс хүчээ аван хамаг чадлаараа давхисаар гарч одож байлаа. Гэнэт хүн гараад ирвэл зогсоно гэж байхгүй бололтой. Зарим хэсэгтээ ил задгай угаадас харагдахгүй хэр нь зам үнэхээр гулсуур шиг байлаа. Үүн дээр үнс асгахаас өөр аргагүй ч юм шиг.

Хүүхдээ хөтлөн, гудамж уруудах нэгэн хүнээс энэ талаар байр суурийг нь сонсоход “Үнэндээ их хэцүү. Хөгшин настай надад ямар унаа тэрэг байх биш, байнга л алхдаг. Гэр маань замаас зайдуу болохоор хэрэндээ туулах гэж ядардаг. Халтиргаа гулгаа бүр их. Сүүлд орсон цасны дараа бол бүр нэмэгдээд байна.

Одоо удахгүй айлууд үнсээ асгаад эхлэх байх. Машин тэрэг нь гарахгүй хэцүү л байдаг байх. Үнс асгахаас ч яах вэ” гэлээ. Тэрбээр богинохон ярилцаад, цааш болгоомжтойхон ихэд удаан алхаж байлаа. Энэ мэтчилэн захын хүнээр хэцүү байгаа талаар яриулж болно.

Төв замаас жаахан холдож, гэр хорооллын дунд ороход зам болгон халтиргаатай, өгсүүр, уруу цөм хүндхэн харагдана. Уулын дээрээс утаан дунд живчихсэн саарал хотоо харах гээд чадаагүй юм. Нүдэнд сүүмэлзэж, манантах утааны хажуугаар урдах замаа сайтар харж явахгүй бол халтирч унах аюултай. Унахгүйн тулд хашаанаас зуурч хэсэг алхсан ч нохой боргоогоод ер явуулсангүй.

Энэ мэтчилэн сурсан дассан нэгэндээ л болоод байгаа болохоос биш амьдрал үргэлжлэхэд хамгийн бэрх газруудын нэг бол гэр хороолол аж. Бага насны хүүхэд, өндөр настан алхаж, туулж барахгүй өндөрлөг дээр цас мөсөн дунд аж төрнө гэдэг шууд бодоход ч хүндрэлтэй. Үүнийг засаж сайжруулах өрх айл бүү хэл засаг захиргаа нь ч юм хийгээгүй бололтой.

May be an image of cloud, fog and text

Мөн нэгэн иргэн зураг дүрс авахуулахаас татгалзаж, хэсэг яриа өрнүүлсэн юм. Тэрбээр “Уг нь хөрш зэргэлдээ айлууд нийлээд өгсүүр газрынхаа цасыг цэвэрлэчихдэг юм. Одоохондоо хараахан цэвэрлээгүй байна. Өөрийнхөө хашааны ойр орчмыг л цэвэрлэчихэд заавал үнс асгах шаардлагагүй юм. Үнс асгачихаар шавар шавхай дийлдэхээ больдог. Хэд хоногоос хөршүүддээ хэлж байгаад цэвэрлэнэ” хэмээн ярилаа.

Уг нь ч тийм. “Дургүйд хүчгүй” гээд цас мөсөндөө дарагдаад байгаа хэрэг ч уг нь биш аж. Гэхдээ л уул толгодыг нөмрөн тархсан гэр хороололд ийм сэтгэлтэй айлууд хэд бол.

Нас нэлээн тогтсон эр хажуугаар өнгөрөхдөө асуултад минь “Хогоо л асгачихгүй бол үнс ч одоо дүүрчээ. Гулгаад машин тэрэг гарч чадахгүй байгаа юм чинь яалтай билээ дээ” гэж товчхон хариулаад явж одов.

Монел“-ын арын гудамжаар явахад нэг иймэрхүү харагдаад өнгөрнө. Харин доош бууж Дарь-Эхийн орчимд орвол үүнээс ч бохир. Ил задгай угаадас, баас шээс гэхчилэн хаяж болох бүхнийг хаячихаад, дэргэдүүр нь хээв нэг алхацгаана. Эзэнгүй ноход угаадас долоож, овоолсон хог тараана. Эл хуль. Иргэд мэдээж өдрийнхөө хоолны төлөө ажилдаа явсан тул эзгүй байгаа нь илт.

Нүүрс зардаг гудамжны үзүүрээр эргэвэл хэдэн нөхөд архи тойруулж харагдана. Тэдэнд ямар нойл гэж байх биш, хоёр алхмын цаадах хашааны банз руу сарьчихаад, буцаж ирээд суучихна шүү дээ. Хотын төвөөс хоёрхон алхмын хойно ийм орчин, ийм амьдрал байдаг.

Гэхдээ үүнд санаа зовохдоо манатай болчихсон эрх баригчид учраа олохгүй олон асуудал шийдэж буй мэт аашлахдаа аашилж, гомдохдоо гомдож суугаа. Бохир усны шугам, эко нойлын асуудлыг л шийдчихвэл ядаж гаднаа асгаж хөлдөөгөөд, түүн дээрээ халтирч унаад байхгүй юмсан.

Тэглээ ч уулын бэл, довын оройгоор түмэн айл байгаа цагт, энэ зам давааг янзлаагүй цагт гулгаа ч байна, үнс асгасаар ч байна. Эрүүл мэндэд асар хортой үйлдэл хийж байгаа ч иргэд авч чадах хэмжээндээ л арга хэмжээ авч байгаа нь энэ.

Үүнээс цааш XXI зуун, хөгжил шинэчлэл гэх үгс хойд нутагт, гэр хороололд минь хүртээлгүй ч юм шиг санагдана. Нохой хуцах чимээнээс цочин, хажуу тийн зайлахдаа халтирч унасан миний бие дахин унахгүйн тулд хаагуур буухаа харж хэсэг зогссон юм. Дэргэдүүр хүүхдээ үүрсэн эмэгтэй өөд замаар мацахдаа амнаас нь уур савсахаас биш ганц ч үг дуугарсангүй.

Нөгөө талын гудамж өгсөөд нэгэн хүү чаргатай нүүрс чирж яваа нь харагдана. Харин надад тэнцвэрээ л олж чадвал нэг ч зогсохгүйгээр босоогоороо гулгасаар гудамжнаас буух л боломж байгаа мэт санагдана.

Энэ мэдээж асуудлын гүнд нь ч ороогүй өнгөцхөн харсан л тэмдэглэл. Гүндээ энэ бүхэн ямар байгааг дараагийн сурвалжилгаар үзүүлэх болно. Бид арван давхар руу лифтээр өгсөнө. Харин арван настай хүүхэд усаа түрээд, уулын оргил өөд “уран гулгалтын талбай”-гаар мацсаар байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу