Өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын V буудлын орчимд 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам тээврийн осолд орсон. Тодруулбал, хүүхдүүд явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад, автомашинд мөргүүлж, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд гэмтсэн билээ.

Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг шүүх хурал өчигдөр (2023.12.05) Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүхээс жолоочийг гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллаж, нээлттэй хорих ангид 4 жил 6 сар хорих ял оноосон байна.

Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу