“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд болж буй билээ. Сонсголоор өчигдөр (2023.12.05) Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь газар олголт, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт болон тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонссон юм.

Сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүсийг гэрчээр дуудсан. Д.Дорлигжав биечлэн ирж оролцсон бол Ц.Элбэгдорж гадаадад байгаа тул сонсголд оролцох боломжгүй гэжээ. Гэхдээ тэр твиттерт “амь оржээ”. Тэрбээр өөрийг нь сонсголд дуудсан асуудалтай холбогдуулан “Гуя дагуулж хүзүү гэгч болж хөө. Тодрууллаа. “Найз нь 20 тэвш нүүрс гаргалаа. Мөнгөө авч чаддаггүй ээ. Данс хаачихлаа. Танайхаар дамжуулаад олж авмаар байна” гэж. Нөгөө нь “Тэгээ” гэж. Бусад нь зохиол. Үнэн гутлаа углаж байхад, худал дэлхийг тойрдог гэж…” хэмээн бичсэн байна. 

Сануулахад, “Женералтек” компани 2013 онд “Тавантолгой” ХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус компанид Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар нэгдмэл ашиг сонирхолтой байна хэмээн ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр хэлсэн билээ.

Тодруулбал,“Женералтек” компанийн эцсийн өмчлөгч болох Х.Болдбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү аж. Тус компанийг одоо Х.Болдбаатарын хүү Б.Батболд 100 хувь эзэмшиж байна. Б.Батболд нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Д.Баатартай “Глобал аппарел лимтед” компанийг хамтран эзэмшдэг ажээ.

 Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу