Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр (2023.12.06) “Монголын бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар Монголын бизнесийн орчин дунджаас доогуур (2.6) үнэлэгджээ.

Гурван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү судалгаа хамгийн их түүвэр бүхий, 21 аймаг, нийслэл хот, олон салбарыг хамарснаараа бизнесийн орчныг төлөөлөх тэргүүлэх судалгаа юм.

Судалгааг МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран 2023 оны 4-12 дугаар сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

Энэхүү судалгааг МҮХАҮТ, МУИС хамтран гурван жил тутам явуулдаг бөгөөд бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг, мөн хамгийн олон аж ахуйн нэгжийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны хамгийн том судалгаа юм.

Олон улсын судалгаагаар эдийн засгийн хямралын дараа бизнесийн сэргэлт, өсөлт өргөжилт, удаашрал гэсэн үе шатуудыг дамждаг ба S&P500 компаниудын мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийхэд 1960-2019 онд 7 хямрал, 7 сэргэлт, 12 өсөлт, 11 удаашрах үе шатууд тохиож байв.

Монгол Улсын эдийн засаг 2019 оныг дуустал дунджаар 8 орчим хувиар өсөж байсан ба цар тахлын сөрөг нөлөөгөөр агшиж, 2023 оны III улиралд 6.9 хувиар өсөж, одоо л цар тахлын өмнөх үеийн дундаж өсөлтийн түвшинд хүрээд байна.

Монгол улсын эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөгөөр жилээр харвал “V” хэлбэртэй, жил бүрийн эхний зургаан сарын байдлаар харвал “W” хэлбэрийн өөрчлөлттэй ба бид хямралын дараагийн эдийн засгийн сэргэлтийн үедээ явна. Олон улсын судалгаагаар сэргэлтийн дараа биднийг эдийн засгийн өсөлт өргөжилтийн үе хүлээж байна.

Монголын бизнесийн орчин-2023 судалгаа цар тахлын өмнөх болон дараах үеийн бизнесийн орчин нөхцөл, өөрчлөлтийг харьцуулах, цаашид хямралын дараах сэргэлт, өсөлтийн үе шатуудад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засаг бизнесийн салбараа өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шаардагдах дэмжлэгийг оновчтой тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байна.

Гол үр дүн:

  • 2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан дүн байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзсэн.
  • Судалгааг ерөнхий таван орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий 5 орчны үнэлгээг авч үзвэл засаглал, хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага ба 2.40 байна. Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзлээ.
  • 2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
  • Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэжээ.

 

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу