Иргэдийн төлөөлөл өнөөдөр (2023.12.06) “Зууны мэдээ” хэвлэлийн төвд “Сайжруулсан шахмал түлш хортой юу” сэдвээр судалгааны үзүүлэлт танилцуулж, мэдээлэл хийлээ.

Иргэн Л.Ганхүлэг: “Өнөөдөр бидний амьдарч буй хотод угаарын түвшин хэрээс хэтэрлээ. Маш олон иргэд угаартаж амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл төр нь иргэдийг галлагаагаа хийж чадахгүй болохоор л угаартаж үхээд байна гэдэг тархи угаалт явуулж эхэлсэн. Шахмал түлшний хоруу чанарын судалгааг 2008-2010 оны хооронд хийж, олон улсад туршигдаад, энгийн хэмжээнээс 200 дахин хортой гэж үзээд, хэрэглэхээ больчихсон.

Монгол Улсад сүүлийн сар хагасын дотор 349 хүн угаартсан. Эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн талаар нэг ч нэгдсэн мэдээлэл байхгүй. Энэ бол гамшгийн хэмжээнд ирсэн. 2017 оноос хойш утааг бууруулахад 3.508.500.000.000 гурван их наяд таван зуун найман тэрбум таван зуун сая төгрөг.

Судалгаагаар сайжруулсан түлшний хоруу чанар түүхий түлшнээс 171-280 дахин илүү байна гэсэн тоо гарчээ. Энэ түлшийг Бээжин хот 2008-2010 онд хэрэглэж байсан. Энгийнээр хэлэхэд, энэ хор нь ургийн гажиг үүсгэдэг, хорт хавдар, мутаци үүсгэдэг зүйл.

Шийдэл нь ердөө л шинэ эрчим хүчний эх үүсвэр барих хэрэгтэй. Нэг цахилгаан станц барихад бүр цахилгааны илүүдэлтэй улс болно гэсэн үг. Хоёр цахилгаан станц барих мөнгийг дөрвөн өвлийг давахад зарцуулсан байна.

Эрх баригчид иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх биш, шийдэхгүй байх сонирхолтой байна. Иргэд асуудалтай байх нь тэдэнд ашигтай. Түүгээр далимдуулж хулгай хийх, өөрсдийн эрх ашигт тустай зүйлийг л боддог. Аль нэг асуудал дээр тулгуурлаж хулгай хийдэг. Түгжрэлээр далимдуулж ногоон автобус хулгайлсан шүү дээ.

Утаа энэ байдлаараа байвал зундаа монгол хүний бие цэвэрлэгдэж амжих уу. Бага насны хүүхэд бүхэн уушгины өвчтэй болоод дууслаа” гэлээ. 

“Бага насны хүүхдийн цусны хавдрын тохиолдол ихэссэн”

ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн, Анагаах Ухааны доктор н.Одонгоо “2017 оноос хойш агаар орчны түвшин нэг ч хувиар сайжраагүй. Үүнээс үүдээд бага насны хүүхдийн цусны хавдрын тохиолдол ихэссэн. Үүний шалтгаан нь хүнд металлын бохирдол юм.

Эрүүл мэндийн салбар дангаараа өвчлөлийг багасгах боломжгүй. Энэ жилийн хувьд 140 хүүхэд шинээр хавдартай бүртгэгдсэн байна. Нийгмээрээ агаарын бохирдлыг бууруулах талд анхаарлаа хандуулж, бууруулах арга хэмжээг хайхгүй бол болохгүй нь” гэсэн юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу