Ардчилсан намын гишүүд Боловсролын зээлийн сан болон бусад асуудалтай холбогдуулан Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж, өнөөдөр (2023.12.06) мэдээлэл хийлээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат:

-Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй холбоотой Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өгөхөөр бэлдсэн. Гэтэл өчигдөрхөн нүүрсний хулгайн хэрэгт нэр нь гараад ирлээ. Энэ мэтчлэн хичнээн ч идэж уусан асуудал байхыг үгүйсгэхгүй байна. Японд сургууль төгссөн гээд байдаг. Тийм л юм бол тэр ёс суртахуунаараа хариуцлагаа хүлээгээд, өргөдлөө өгөөд явчих. Нүүрсний хулгайтай холбогдоод эхэллээ. Эхлээд тэрийгээ шалгуулчихаад, дараа нь нам удирдана уу, хэнийг удирдана, өөрөө мэд.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг:

-Өнгөрсөн гучин жилийн хугацаанд МАН, АН-ын удирдлагууд ямар их бузар булай юм хийсэн нь өнөөдөр илчлэгдэж байна. 2024 он бол Монгол төрийг хулгайчдаас цэвэрлэх жил байх болно. “Хулгайн асуудлаа шалгуулаад, энэ намаас яв аа, Лу.Гантөмөр дарга аа”

Ардчилсан намыг хулгайчдаас цэвэрлэх ёстой. Тэгж байж Ардчилал өөрөө ард иргэдийнхээ итгэлийг олж авна. Өнөөдөр АН хулгайчдаар дүүрчихлээ. Лу.Гантөмөр дарга аа, жижиг “Тавантолгой”-н хэргийг АН руу чиглүүлж эхэллээ гээд байх юм байхгүй. Ардчилсан намынхан жижиг “Тавантолгой”-гоос идэж уусан нь үнэн шүү дээ. Араас нь том “Тавантолгой”-н асуудал орж ирнэ. Монгол Ардын намынхан ч бас идэж уусан нь үнэн.

Ардчилсан нам хулгайчдыг халхалдаг, нөмөрлөдөг шүхэр шиг байж болохгүй. Хулгайчдаа арилгаж, шинэ удирдлагатайгаар 2024 оны сонгуульд орох ёстой. Хуучин цагийн улстөрчдөд бас нэг зүйлийг хэлмээр байна. Эхнэр, үр хүүхдээ хэрэгт түлхдэг. Тэднийхээ нэр дээр үйл ажиллагаа, хулгай зэлгийгээ хийдэг. Ийм балиар юм аа болиоч. 

Бид Ардчилсан намаа муулаагүй ээ, энэ дотор байгаа хулгайчдыг л зайлуулах гэж байна. Эхэндээ Боловсролын зээлийн сангийн асуудлаар хэвлэлийн хурал хийх байсан боловч өчигдөр нэг хулгай нь нэмэгдчихсэн. Цаашид ямар хулгай нэмэгдэж гарч ирэхийг мэдэхгүй байна. Яахаараа жирийн нэг сэтгүүлчийг хилийн хориг тавиад ачаад явчихдаг юм бэ. Лу.Гантөмөрт хилийн хориг тавих ёстой. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу