Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өнөөдөр (2023.12.06) ундны усны бохирдолд хяналт шалгалт хийсэн талаар сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө.

Усны газрын дарга З.Батбаяр “Зайсан гэдэг нэртэй Богд уулын жижигхэн амны ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас гэдэсний савханцар илэрлээ. Усны газрын лабораториос гадна нийслэлийн бусад лабораториуд ажиллаж байна. Тэдгээр лабораторид хийсэн шинжилгээний дүн мэдээлэл одоогоор нэгтгэгдээгүй байна.

Гэдэсний савханцар илэрсэн таван хотхоны байрлал, хотхоны нэрийг хэлэх боломжгүй. Хотхонууд нь хоорондоо зайтай, энд тэнд байрлаж байна. Ийм учраас Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд оржээ.

Гэдэсний савханцар нь хүний ялгадас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл. Бид гэдэсний савханцраас сэргийлэхийн тулд бие зассаны дараа гараа угааж, гаднаас гэртээ орохдоо гутлаа тайлдаг. Гэтэл ундны уснаас энэ төрлийн савханцар илэрч байна. Ганц энэ бодис ч биш маш олон төрлийн бодис бий.

Бид их олон жилийн турш голын хамгаалалт, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар ярьсан. Харин энэ тухай асуудал хамгийн ихээр алдагдсан газар нь Зайсангийн ам орчимд. Энэ жижигхэн аманд 16-20 мянган хүний бөөгнөрөл үүсгэж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай энэ мэтээр илэрч байна.

Хэдийгээр гэр хороололд олон жорлон байдаг мэт боловч жорлон нь нэг л айлын хэрэгцээнд байдаг. Гэтэл Зайсанд 900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах дотор хуримтлагдаж байгаа. Тэр бохирын сав нь хаа нэг газартаа асуудал үүсэж, алдагдсан байх эрсдэлтэй.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Газарт “халдварын асуудалд анхаарах хэрэгтэй” гэсэн албан хүсэлтийг хүргүүлжээ. Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд судалгаа хийх хүсэлтээ явуулсан байна.

Зайсангийн ам дотор хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байна. Мөн хэд хэдэн жижиг сургуулиуд бий. Эдгээр сургуульд ойролцоогоор 3000-4000 гаруй хүүхэд суралцаж байна. Тэр хавьд сурч буй хүүхдүүд маань эрсдэлд орсон байгаа юм биш биз” гэлээ.

“Ундны усны хамгаалалт хамгийн их алдагдсан газар бол Зайсан. Тэр жижигхэн аманд 16-20 мянган хүнийг нэг дор аваачиж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай одоо гарч байна.

Шүүлтүүр нь усны бохирдлын эрсдэлийг тодорхой хугацаанд багасгаж буй хэлбэр болохоос биш аюулыг алга болгох хэлбэр биш. Усны бохирдлын эх үүсвэрийг олж, асуудлыг арилгахын төлөө хариуцсан байгууллагууд нь хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэв.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу