Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. (2023.03.13)


Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож байгаа юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг бүтээлцсэн та бүхэнд гүний уурхайн олборлолт эхэлж буй түүхэн өдрийн мэнд хүргэе.

Одоогоос нэг жилийн өмнө Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийг хааснаар төслийн бүтээн байгуулалтын гацаа арилсан. Хөрөнгө оруулагч тал 2023 оны нэгдүгээр улиралд гүний уурхайг ашиглалтад оруулна гэх амлалтдаа хүрлээ. Энэхүү амлалт, ажил хэрэг нь бидний хамтын итгэлцэлд цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монголчуудын хувьд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлох болсноо ийнхүү дэлхий дахинд зарлаж байна.

Оюутолгойн төслийн энэ хүртэлх зам дардан байгаагүй. Баялагтаа эзэн байхыг хүссэн их хүсэл эрмэлзэл, Засгийн газрын 92 болон 107 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн болон алдаа, оноотой ч энэ төслийг урагшлуулахын төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, энэхүү гэрээг засаж сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, эрхэм хөрөнгө оруулагч та бүхэндээ Засгийн газрыг төлөөлж, талархал илэрхийлье.

Энэ төсөл нь та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл, бодит хөрөнгө оруулалт юм. Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс нээлттэй, ил тод, харилцан хамтардаг, итгэлтэй түнш гэдгийг харуулж буй бодит илэрхийлэл юм. Зэс баяжуулах, эцсийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурах болно” гэлээ.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу