“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэд хэдэн асуудал яригдаж байна. Тухайлбал, өчигдрийн сонсголоор Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын нэгдмэл ашиг сонирхол бүхий “Женералтек” компани 2013 онд “Тавантолгой” ХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан тухай баримт дэлгэгдсэн. 

Өнөөдөр түүнийг Ерөнхийлөгч байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-д эзэн суухыг санаархаж байсан гэх асуудал яригдав. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сонсголд дуудсан ч тэр “Гадаадад байгаа тул сонсголд оролцох боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн байсан. 

Сонсголд биеэр оролцохгүй “зугтсан” хэрнээ тэр твиттерт “жиргэсээр” байна. 

Сүүлд тэрбээр “70 хувь нь Эбигийн томилсон шүүгчид ч гэх шиг. Тийм хуультай юмыг яах вэ дээ. Би Монголын шүүгчдээр бахархдаг. Шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ, хар цагааныг ялгана гэдэг амар ажил биш. Тэд улстайгаа тэнцэх хүнд ачаа үүрдэг. Нэг үе шүүхэд итгэх итгэл 18-64 хувь хүрч байсан юм.

Шүүх, шүүгч томилгооноос хараат байсан үеийг би хууль санаачилж өөрчилсөн. Шалгуур, сонгох, санал болгох үйл явц бүгд тусдаа хуультай, хараат бус. Шүүхийн шийдвэр ил тод болсон. Сая Олон улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчээр монгол шүүгч томилогдлоо. Бас л миний хүн гэх үү!” хэмээн бичжээ. 

Сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсад ажиллаж байгаа 560 гаруй шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчдийн томилсон шүүгчид байна.

Өмнө нь илэрч байсан нүүрсний хэргүүд АН-ын дарга байсан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын үед хэрэгсэхгүй болж, маш олон хэрэг хаагдсан юм билээ. Мөн өөрсдийнх нь хамаарал бүхий хүмүүс нүүрсний гэрээ байгуулж ажилладаг нь тогтоогдож байна.

Ер нь учир шалтгааны зангилаанууд тодорхой болж байна. Тийм учраас нүүрсний сонсголын дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд бохир хуулийнхнаас салах ажлыг манлайлж ажиллана” хэмээн хэлсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу