Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн 2022 оны хаврын чуулганаар баталж байсан. Уг тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний экспортыг дэмжих, импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэж буй.

Махны экспортын чиглэлд үр дүн гарч эхэлжээ. Монгол Улс өнгөрсөн 2022 онд 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 260 сая ам.доллароор экспортолжээ. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 2.6 дахин нэмэгдсэн байна.

Хүнсний 36-р тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүнийг цахимаар экспортлох боломжийг судлан, “Экспортын нэг цонхны систем” нэвтрүүлэн, энэ оны долдугаар сараас махны экспортын гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн. Үүний үр дүнд 99 аж ахуйн нэгжийн 265 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэжээ. “Экспортын нэг цонхны систем”-ээр энэ оны долдугаар сарын 1-нээс хойш гурван сарын хугацаанд 11384 тонн махыг экспорт хийжээ.

Хүнсний 36-р тогтоолын хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар шинэ үйлдвэр, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талаар бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. Энэ онд мах экспортлогч 25 аж ахуй нэгжид 57.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийг олгоод байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу