“Төрийн дайсан”, “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй”, “95%” “95 Зүүдний хүн” зэрэг киноны зохиолыг бичиж найруулсан жүжигчин, найруулагч П.Дэлгэрбаяртай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

Монгол Улсын кино урлагт Mystery thriller буюу детектив кино жанр одоо л хөгжлийнхөө дунд шатанд явж байна гэх яриа олны дунд байдаг. Нээрэн л киноны нэртэйгээ, төрөлтэйгөө авцалддаггүй олон бүтээл бий. Энэ бүгдэд цэг тавьж, цоо шинэ өнгө төрх, хэв маягтайгаар гарч ирсэн бүтээл бол “95 Зүүдний хүн” кино юм. 

2023 оны аравдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн уг кино “95%” арван ангит киноны үргэлжлэл болон хийгдсэн бүрэн хэмжээний кино юм. Энгийн нийгмийнхээ улиг болсон олон ангит драм, амьдрал ахуйн киноноос бид тархи гашилгаж, эргэцүүлэл төрүүлсэн содон зүйл мэдрээгүй удсан мэт. Харин найруулагч П.Дэлгэрбаярын уг бүтээлээс та цаг хугацааны энгийн бөгөөд харгис хэрцгий зан төлөвийг ч харах боломжтой юм.

-Анх энэхүү бүтээлийн санаа хэрхэн төрсөн бэ?

-“Нууц материалууд” гээд дэлхийд 30 гаран жил болж байгаа хоёр мөрдөгчтэй, тайлагдашгүй далдын хүчний тухай кино бий. Энэ мэтчилэн хүний амьдралд оньсого болж үлдсэн асуудлын тухай кино Монголд яагаад байж болохгүй гэж бодсон. “Woo”-тэй уулзаж, ийм төрлийн зохиол бичих гэж байгаа тухайгаа ярилцаж байлаа. Мэдээж цаашид яахыг одоогоор задлахгүй. Бодсон нууц зүйл бий. 

10 ангит кино маань анги болгон нь өөр нэртэй. Тэр дунд “Зүүдний хүн” гэж анги бий. Түүгээрээ л сонгосон юм. Зүүд гэж өөрөө юу вэ? Зүүд бол хүний тайлагдашгүй нэгэн том орон зай шүү дээ. Яах вэ, Марвелийн кино шиг компьютер графикаар Монголд бүрэн хийх боломжгүй. Харин хүний бодит амьдралд оршдог, ид шид хэрхэн байж болох вэ, хүн зүүдлэхдээ хаашаа очиж болох вэ, өнгөрсөн цаг хугацааг буцааж болох уу, ирээдүйг харж болох уу гэх мэт маш олон асуултын хариултыг л эргэцүүлсэн бүтээл.

May be an image of 17 people, suit, trumpet and text

-“Зүүдний хүн” гэдэг нэрний тухайд?

-95 гэдэг утга нь хүн өөрийнхөө тархины таван хувийг л ашигладаг гэж ярьдаг. Хэвшмэл энэ ойлголтыг эвдээд, үлдсэн 95 хувь руу нэвтэрвэл ямар ямар гайхамшиг байж болох вэ гэдэг бодол дээр л уг бүтээл бий болсон. 

Энд юу сонин бэ гэхээр энгийн кино шиг хэвшмэл логик хөөхөөр төвөгтэй. Үнэн, амьдрал дээр байдаг бодит юмны тухай биш хэрнээ худал гэж нотолж чадахгүй л зүйлийн торгон ирэн дээр гүйж байгаа асуудал. Гэвч энэ кинон дээр гарч буй үйл явдлыг үнэн гэж үзэгчдэд харуулах ёстой. Энэ утгаараа фантази сэтгэлгээ их шаардаж байсан. Фантази сэтгэлгээ, ид шид хэдий байлаа ч гэсэн логикгүй байна гэж байхгүй. Учир утга нь мэдэгдэж байх ёстой. Тийм болохоор кино багийн хамт олноос маш их ур чадвар, нухацтай суух хугацаа шаардсан. Бусдаар бол энгийн кино драм үйл явдал бол харьцангуй гайгүй шүү дээ. 

May be an image of 1 person and text

“Маргааш ирэх үнэнИЙг өнөөдөр чи худал гэж эндүүрдэг” 

Ид шид, харь гариг, цаг хугацаагаар аялах нь боломжгүй гэж өнөөдөр итгэж байвч маргааш CNN-ээр “Хятад улсад харь гаригийн төлөөлөгчид буужээ” гэвэл үнэн гэдэгт итгэхээс өөр аргагүй шүү дээ. Гэх мэт маш чөлөөтэй фантази сэтгэлгээ дээр бүтсэн кино гэж ойлгож болно. Мэдээж мөн хайр дурлал, өс хонзон, үзэн ядалт зэргийг багтаасан учраас харьцангуй сонирхолтой байгаа гэж харж байна. “Маргааш ирэх үнэнийг өнөөдөр чи худал гэж эндүүрдэг”  гэж кинонд маань гардаг юм.

-Монголын кино урлаг дэлхийн кино урлагтай харьцуулбал ямар түвшинд яваа гэж та боддог вэ? 

-Манай кино урлагийн түвшин бол их мөнгө зарж чаддаггүй болохоос биш техник хэрэгсэл, жүжигчдийн чадварын хувьд нэг их ялгарах зүйл байхгүй. Жүжигчдийн ур чадвар ч мөн ялгарч доош орох, овойж дээш гараад байх зүйлгүй. Гол нь найруулагч тухайн киноны дүрд хэн тохирох тухай тооцоолж, төсөөлж байж сонгодог. Дүр амилах тохироог тааруулах нь бас нэг мэдрэмж юм. Харин нийгмийн хүлээн авах тухай болоод ирэхээр ямархуу байр байдалтай, яаж хүлээж авдаг, ядарч тэмцэж яваа билээ гэж бодохоор кино урлаг бол хоцорчихсон яваа. 

-Та “Хүний ээж” киноны туслах дүрийг бүтээж, Улаанбаатар наадмын “Хангарьд” шагналыг хүртсэн шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу? 

-“Хүний ээж” киноны тухайд бол миний анхны бүтээл. “Найзууд” гэж кинонд жүжүигчин Д.Ганцэцэгийг өөрийнхөө хамтрагч болгож урьж байлаа. Харин 20 жилийн дараа намайг өөрийнхөө найруулж байгаа кинондоо уриад, “Одоо чи миний кинонд тоглоно оо” гэж хэлсэн. Тэгээд зохиолоо уншихад үнэхээр сонирхолтой, жүжигчин хүний хувьд өөрийгөө сорьж үзмээр дүр байсан. Зохиолын сайн, найруулагчийн сайнаас үүдэж, энэ дүр маань амжилттай болж, “Улаанбаатар” кино наадмын шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн. “Камерын урд гардаггүй байж, нэг гарахаараа шагнал аваад байх юм аа” гээд, найзууд, дүү нар маань шоглосон удаатай шүү (инээв).

-Та бүтээлүүдээсээ хүнд юу үлдээсэй гэж хүсдэг вэ?

-Урлаг бол аливааг хүмүүжүүлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх үүрэггүй юм шиг байгаа юм. Хуучин социалист нийгэмд бол тийм байсан л даа. Анх “95 Зүүдний хүн” киног үзээд, ийм мэдрэмж аваасай, ингэж бодоосой гэж бичсэн асуудал бол байхгүй. 

Харин одоо бол цаг хугацаа ямар өршөөлгүй юм бэ, хүний шунал гэгч ямар хэцүү зүйл вэ, үүнээс болж юу үүсдэг вэ, хүн гэдэг дэлхий ертөнц дээрх хамгийн аймшигтай араатан юм биш үү гэх эргэцүүлэл ч юм уу, цаг хугацааны харгис урсгалыг харах байх. 

Төгсгөлдөө хүний шуналын тухай л эцсийн цэгээ хатгах байх. Кино маань ч ингэж төгсдөг.

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу