“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

           

Сонсголын үдээс хойших хэсгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж байна. 

“Хишиг арвин индустриал” ХХК хөрс хуулалт, олборлолтын найман тендерт шалгарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нийт 1 их наяд 441 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Ингэхдээ тус компани зөрчилтэй тендер ирүүлж, улмаар түүнийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК шалгаруулсан байна. Энэ асуудалтай холбогдуулан “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийг гэрчээр дууджээ.

Түр хорооны гишүүн М.Оюунчимэг: Шүүх хурлын явцаас харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягтай холбоотой асуудалд та болон танай компанийн нэр дурдагдаж байсан. Энэ ямар асуудал байсан бэ?

“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Манай компанийг хуулийн байгууллагаас шалгаж байна. Олон жил тендер авсан гэдэг утгаар шалгаж байгаа юм болов уу л гэж бодсон. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гарын үсэг зурсан учир би нарийн мэдээллийг энд ярьж болохгүй байна. Гэхдээ энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найдаж байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та яллагдагчаар татагдчихсан юм уу, хүү чинь татагдсан юм уу?

“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Манай хүү ч татагдсан. Би ч татагдсан.

Б.Энхбаяр: Ямар хэрэгт татагдсан бэ?

Б.Хишигдорж: Яг тэр, энэ гэсэн зүйл байхгүй. Нэг удаа байцаагаад, түүнээс хойш янз бүрийн юм ярьж болохгүй шүү гээд, гарын үсэг зуруулсан. 

Б.Энхбаяр: Хэргийн явц руу орж асуухгүй. Бусдад хээл хахууль өгөх гэдэг зүйл ангиар яллагдчихаад байгаа юу?

Б.Хишигдорж: Нарийн мэдэхгүй байна. 

Б.Энхбаяр: Хэргийн явц руу орохгүй гээд байна. Ямар зүйл ангиар яллагдсан бэ гэдэг нууц биш шүү дээ. Та болон таны хүү ямар зүйл ангиар буруутгагдаж, яллагдагчаар татагдсан бэ гэж асуулаа?

Б.Хишигдорж: Миний хүүтэй холбоотой учраас энэ талаар нарийн яримааргүй байна. Үнэхээр мэдэхгүй.

Б.Энхбаяр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад хахууль өгсөнтэй холбоотой асуудал мөн үү?

Б.Хишигдорж: Тэгж ойлгож болно. Гэхдээ хахууль өгөөгүй.

             

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу