“Bloomberg” агентлаг “ОХУ-ыг олон улсын тавцанд “тусгаарлах” гэсэн АНУ болон Европын холбооны оролдлого амжилтгүй болсныг Владимир Путины Саудын Арабд хийх гэж буй айлчлалаас харж болно” гэж мэдээлжээ. Тус хэвлэл “Путин Персийн булангийн удирдагчидтай харилцаа холбоогоо бэхжүүлж байгаа энэ үед АНУ Украинд хэр удаан дэмжлэг үзүүлэх нь эргэлзээтэй байна” гэж онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Саудын Араб, АНЭУ-д ажлын айлчлал хийнэ гэж өмнө нь мэдээлсэн билээ. Оросын төрийн тэргүүний Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, талууд газрын тосны зах зээл, хоёр талын хамтын ажиллагаа, түүнчлэн олон улсын сэдэв, ялангуяа Палестин-Израилийн мөргөлдөөний хурцадмал байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Путин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Сауд, Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Мохаммед бин Заид Аль Нахаян нартай уулзах юм байна.

ОХУ-ын удирдагч Covid-19 цар тахал эхэлснээс хойш Ойрхи Дорнодын орнуудад айлчлаагүй. Тэрбээр хамгийн сүүлд АНЭУ болон Саудын Арабд 2019 онд айлчилжээ. Гэхдээ Путин олон улсын арга хэмжээнд оролцож, Арабын удирдагчидтай тогтмол харилцаатай байсаар ирсэн байна.

Эх сурвалж: TASS, BLOOMBERG, SMOTRIM
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу