“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеэс их хэмжээний хүнцэл илэрсэн талаар түүний эгч, нөхрийн хамт мэдээлсэн. Тодруулбал, түүний эгч Б.Нарантуяа “Миний дүүгийн цусны шинжилгээгээр 9.06 хувийн хүнцэл илэрсэн. Энэ бол үхлийн тун. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуягийн биед илэрсэн хүнцлийн хэмжээ 9200 дахин илүү байна гэж шинжилгээ авсан нарийн мэргэжлийн эмч нь дүгнэсэн. Хүнцлийн хор гэдэг нь эрт дээр үеэс “хаадын хор” гэгддэг байсан, маш хүчтэй химийн найрлага юм байна. Энэ хүн гаднын нөлөөгөөр хордсон” хэмээн хэлсэн. 

Тэдний дэлгэсэн баримтыг харвал (доор хавсаргав) Б.Ганхуяг Эрүүл ахуй, хор судлалын лабораторид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд хорт металлын цус, шээс, үсний шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 28-нд гарсан байна.

  • Цусны шинжилгээгээр, хүнцэл 9.29 мкг/дл (микрограмм/ дицлитр)
  • Шээсний шинжилгээгээр, хүнцэл 0.89 мкг/дл
  • Үснээс авсан шинжилгээгээр, хүнцэл 0.24 мкг/дл илэрсэн байна. Үүнийг Б.Ганхуягийн ар гэрийнхэн хэвлэлд мэдээлэхдээ “хувь” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл, хэмжигдэхүүн нь “микрограмм” байгааг хувь гэсэн нь Б.Ганхуягийн бие дэх хүнцлийн хэмжээг маш их гэх ойлголтыг төрүүлж байгаа юм.

9.29 микрограмм их хэмжээ юу?

Б.Ганхуягийн өгсөн дээрх шинжилгээнүүдээс хамгийн их хүнцэл илэрсэн нь цусны шинжилгээ байсан. 9.29 мкг/дл (микрограмм/ дицлитр). Үүнийг олон улсын судалгаатай харьцуулахын тулд миллиграмм руу шилжүүлэхэд 0.0929 мл/л (миллиграм/литр) болж байгаа юм. Хүнцлийн олон улсад зөвшөөрөгдөх хэмжээ 0.08 мл/л байдаг ажээ.

Тэгэхээр Б.Ганхуягийн биед түүнийг үхэлд хүргэхүйц хүнцэл байхгүй гэсэн үг юм. 

Б.Ганхуягаас илэрсэн хүнцлийн талаар хүний их эмч нар болон НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албанаас тодрууллаа. 

Л.ДЭЛГЭРЗУЛ: ОЛОН УЛСЫН СУДАЛГААТАЙ ХАРЬЦУУЛАХАД 9.29 мкг/дл ХҮНЦЭЛ НЬ ТИЙМ Ч ИХ ХЭМЖЭЭ БИШ

Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзулаас тодруулахад “Тухайн мэдээллийг хараагүй байна. Гэхдээ таны хэлснийг сонсоод цочирдохгүй байна. Учир нь манай улс хүнцлийн хэмжээ ихтэй. Хүнцлийн агууламжаараа бараг л Бангладеш улсын дараа ордог юм. Байгалийн урантай гэдэг шиг манай улсын ус, хөрс зэрэг бүх зүйлд хүнцэл агуулагддаг гэсэн үг. Тиймээс хүн бүрийн биед бага хэмжээний хүнцэл агуулагдаж байгаа. Манай улсын ундны усанд хийсэн шинжилгээнээс хүнцэл илэрсэн. Хорих ангид байгаа хүмүүс шүүлтүүргүй ус уудаг байх. Тиймээс тухайн хүний биед хүнцэл агуулагдаж байх боломжтой. 9.29 мкг-ийн нэгжийг нь шилжүүлвэл 0.0929 миллиграм болно. Олон улсын судалгаанаас харахад, энэ нь тийм их хэмжээ биш” хэмээн хэллээ. 

Б.БАТТҮВШИН: ЦУСНЫ 9.29 ХУВЬД ХҮНЦЭЛ ИЛЭРСЭН БОЛ ТЭР ХҮН ХОРДЛОГО АВСАН ДАРУЙДАА НАС БАРАХ БАЙСАН

НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин “Хэвлэлүүдээр гарсан Б.Ганхуягийн эгчийн яриаг хараад маш их гайхлаа. Тухайн хүний биеийн нийт шингэний эргэлтийн 9.29 хувьд хүнцэл байна гэж хэлсэн. Түүнийг нь сонсоод, хэрэв үнэхээр тийм их хэмжээгээр хордсон бол яагаад газар дээрээ нас бараагүй юм бол гэж бодсон. Энгийнээр хэлэхэд, тухайн хүний биед төмөр агуулагдаж байх ёстой байтал түүнийг нь хүнцэл орлоод, үхлийн хэмжээнд хүргэчихсэн байх ёстой юм. 

Аливаа бодисын талаарх судалгааг маш олон талаас нь олон жилийн турш хийж байж дүгнэдэг. Мөнгөн усыг гэхэд шинжилж, тогтоон хязгаарлахын тулд 4-5 жил зарцуулж байсан. Үүнтэй адил органик болон органик бус хүнцлийн талаар нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй. Манайд суурь судалгаанууд хийгдэж байсан” хэмээв.

Б.БЯМБАБАЯР: ХҮНЦЭЛ ЛАВЛАХ ХЭМЖЭЭНЭЭС 9200 ДАХИН ИХ ГАРСАН БОЛ ТЭР ХҮН АЛЬ ХЭДИЙНЭ НАС БАРЧИХСАН БАЙГАА

Хүний их эмч Б.Бямбабаяр “Хэн нэгэн өөрийнхөө өнцгөөс ярьж болно. Ярьсныг нь үнэн эсэхийг нягталдаг байх хэрэгтэй. Хүнцэл лавлах хэмжээнээс 9200 дахин их гарсан бол тэр хүн аль хэдийнэ нас барчихсан байгаа. Хүнцэл гэдэг маш бага тунгаар их байхад л хорддог зүйл. Би өнгөрсөн жил үсний шинжилгээ хийлгэхэд миний үсэнд 0.06 миллиграмм хүнцэл, илэрсэн. Харин шинжилгээний материал дээр лавлах хэмжээ нь 0.08 миллиграмм гэж заасан байсан.

Бид хоол хүнс, утаа зэргээс хүнцлийн агууламж биедээ авч байх магадлалтай. Тэр хүний тун өндөр гарсан бол харамсмаар. Гэхдээ шууд хэн нэгнийг буруутгаж болохгүй. Бид орчны бохирдлоос болж нийтээрээ хар тугалга, хүнцэлд хордчихоод яваад байна” хэмээн ярьсан юм. 

Мэргэжлийн хүмүүсийн яриа болон баримтыг харахад, Б.Ганхуягийн биед хүнцэл илэрсэн нь үнэн ч түүнийг үхлийн аюулд хүргэхүйц их биш ажээ. Мөн зөвшөөрөгдөх хэмжээнээс 9200 дахин их илэрсэн гэдэг нь үндэслэлгүй байгаа юм. Тэгэхээр Б.Ганхуягийн ар гэрийнхэн түүнийг хүнцлээр хордуулсан гэх мэдээлэл тарааж, ингэхдээ өндөр хувь хэмжээ хэлсэн нь зориуд олны анхаарлыг татах гэсэн оролдлого уу гэх хардлага төрүүлж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биед хийсэн шинжилгээний хариу:

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу