Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. (2023.03.13)


Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үг хэлсний дараа “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үг хэлэв.

Тэрбээр “Хоёр жилийн өмнө Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюу Толгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа. Манай Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй.

Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлье. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан.

Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбэн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бүрийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.

10 гаруй жилийн турш Оюу Толгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч Та бүхэнд мөн талархал илэрхийлье.

Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд Та бүхэндээ мөн баярлалаа.

Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийлээ гэж харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.

Оюу Толгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байрыг бий болгож чадна.

Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна.

Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний хамтын ирээдүйн суурь билээ” гэлээ.

 

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу