Богд Зонховын дүйчин Зулын 25-ны их ёслол өнөөдөр (2023.12.07) Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд болно.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдөр номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх ажээ.

Д.Жавзандорж Тэргүүн их хамба лам, Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов

Зулын 25, сар бүрийн шинийн 8, 15-ны дүйчин өдрүүдэд зул өргөвөл хэмжээлшгүй их буян болдог ажээ.

Эл өдрийн тухай сийрүүлбэл, (VI жарны 1357он) алтан унжлага хэмээх гал тахиa жилийн өвлийн эхэн сарын шинийн 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд Богд Зонхов орчлонд мэндэлжээ. Харин VII жарны (1419 он) өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал төгссөн байна. Үүнээс хойш Богд ламын шашинтнууд эл өдрийг “Зулын 25” хэмээн зул, хүж өргөж, буян ном хураан, их Дүйчин өдөр болгожээ.

Монголчууд Богд Зоховын мэндэлсэн болоод таалал төгссөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг түгээмэл уламжлалыг дурдвал, энэ өдрөөс өмнө идэш хоолоо базааж, “Зулын 25”-ны үдэш нүгэл хилэнцээ ариусгаж, зул барьдаг байна. Зарим газар муулсан малынхаа баруун бөөрөөр зул хийж өргөдөг нь нэг талаас амьтны амь хороосон нүглээ арилгаж, нөгөө талаас хорлогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшлэхэд тустай гэж үздэгтэй холбоотой.

Зулыг ихэчлэн гадаа өргөж, өргөж байхдаа Богд Зонхов ламыг бодно. Зарим хүрээ хийдэд үдшийн гялаан гарангуут гадаа олон зул өргөдөг байжээ. Мөн айл хотлоороо тос хольж иддэг байсан аж. Сүүлийн жилүүдэд Богдын мэндэлсэн өдрүүдэд цагаан хоол иддэг болжээ.

Төвд, мМонгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, Овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.

Зул өргөх нь маш нарийн утга учиртай. Зул өргөхийн гол шалтгаан нь бурхдын мэлмийг баясгах. Бидний өргөсөн зулын гэрлийг бурхдын мэлмий хамгийн түрүүнд хүлээн авч, мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурханд залбирахаас гадна эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.

Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Бурхны өмнө наминчлан, хүмүүстэй ярихгүй, сэтгэлээ тайван, амар амгалан ариусгаж, зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэд залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх, эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд, шар тос хийнэ.

Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй, мөн зулын голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй. Бурхдын мэлмийг баясгаж, харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарнийг гурван удаа урин дуудаж, харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж, зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой.

Байнга зул өргөсний буянаар өөрийн шашны эзэн, зургаан төрөлхтөн, тэдгээрийн хүсэл бүхэн биелдэг байна. Зулын гол нь бүдүүн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хүний нас нь богиносно гэж үздэг. Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна хэмээн үздэг.

Зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж, дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж, дараа нь өргөөрэй, эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян хураана.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу