Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өгч буй талаар түүний Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Сүүлийн үед УИХ дээр ноцтой мэдээллүүд яригдаж, олон нийтийг цочирдууллаа. Тухайлбал, Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил боллоо. Уг асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгойлон анхаарал хандуулж, Засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх албатуудыг яаралтай ажиллуулж, үр дүнг нь ард түмэнд нээлттэй ил тод байлгах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Үүнийг Засгийн газарт чиглэл болгон өгч байна” гэж мэдэгдлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа,
Монгол Улсын газар эзэмшилт ашиглалтыг шалгах тухай. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг.
Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийг Монгол Улсын хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж, гадаад улсын иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаар баримт мэдээлэл нотлогдож гарч ирлээ.
Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, “Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль тогтоомж Монгол Улсын өнцөг булан бүрд адилхан ижил тэгш үйлчлэх ёстой.
Аль нэг аймагт тэр хууль хэрэгжинэ, хэрэгжихгүй гэсэн асуудал байхгүй. Бид эрх зүйт төртэй улсад амьдарч байгаа. Энэ бол хэрхэвч байж болохгүй зүйл” гэсэн байр сууринд хатуу зогсоно гэдгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу