“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

             

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж байна. Энэ хүрээнд “Элгэн” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хийсэн гэрээний талаар хэлэлцэж эхэллээ. Уг компани тендерт нийт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

Энэ үеэр Түр хорооны гишүүн Г.Ганболд: Шинжээч ээ, “Элгэн” компанитай холбоотой өөр гэрээ байгаагүй юу. Миний ойлгож байгаагаар хамгийн сүүлд 70 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийгдсэн. Тэр гэрээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт яагаад гараагүй вэ. Хууль ёсны дагуу явагдсан уу? Одоогийн удирдлагуудаас асуухад, сүүлд хийгдсэн тэр гэрээ одоо хүчин төгөлдөр байгаа юу. Урьдчилгаа төлөлбөр өгөгдсөн үү?

Шинжээч: “Элгэн” компанийн 70 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохион байгуулагдаагүй. Энэ тендерийг төрийн нууцад хамааруулаад зохион байгуулсан байсан. Тухайн төсөл арга хэмжээний гэрээг цуцалсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК АТГ-д энэхүү асуудлыг шалгуулах хүсэлтээ өгчихсөн, шалгалтын ажиллагаа нь эцэслэгдээгүй байгаа юм билээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоогийн удирдлагууд: “Элгэн” компанитай холбоотой Тавантолгойн ордын хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэх гэрээ 2022 оны аравдугаар сарын 25-нд буюу Онцгой дэглэм тогтоохоос нэг хоногийн өмнө байгуулагдсан. Тодруулбал, 69 тэрбум 763 сая 999 мянган төгрөгийн үнээр 123 мянган тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх байсан.Гэвч гүйцэтгэл байхгүй. Тиймээс онцгой дэглэм тогтоосны дараа гэрээг зогссоосон.  

Г.Ганболд: 70 тэрбум төгрөгийн өрөмдлөг хийлгэх хэрэгцээ, шаардлага танайд байсан уу. Тэр нь өнгөрсөн жилийн ТУЗ-ийн болон хувь нийлүүлэгдчийн хурлаар гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд орсон байсан уу. Үндсэндээ, төсөв нь батлагдсан байсан уу. Яагаад нууцад авсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны дарга Н.Цэрэнсамбуу: Гэрээний хүрээнд ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй. Харин урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлэх оролдлого хийсэн. Үүнийг таслан зогсоогоод хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Төлөвлөлтийн тухайд, энэ худалдан авах арга хэмжээний төсөв төлөвлөгөөнд орсон. Энэ асуудал төрийн нууцтай холбоотой юу гэдгийг Тагнуулын Ерөнхий газраас тодруулаад, тендерийн хуулийг мөрдөлгүйгээр зохион байгуулсан байсан. 

Цанхийн зүүн уурхай далд уурхай бий болгох төлөвлөгөөнийхөө дагуу далд уурхайн хайгуул, шилжилгээ хийх хэрэгцээ шаардлага бий. 

Г.Ганболд: Танай компанид тендерийн материал ирүүлэх хүсэлт өгсөн юм уу. Тэр мэдээллийг та яаж олж авсан бэ?

“Элгэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал н.Хүрэлбаатар: Тендер шалгаруулалтын урилга буюу хүсэлтийг манай компанид 2022 оны есдүгээр сард мэдэгдсэн. “Танайх ийм үйл ажиллагаанд оролцох уу. Оролцоно гэвэл сонгон шалгаруулалтын бичиг баримтыг буцаах нөхцөлгүйгээр 20 сая төгрөгөөр худалдаж авах зэрэг хэд хэдэн зүйлийг шаардсан. Түүнийх нь дагуу бид 20 сая төгрөг өгөөд, аравдугаар сард тендерийн материалаа өгсөн. Ингэхдээ нууцын зэрэглэлд орсон. Ийм сонгон шалгаруулалт юм байна гэж ойлгосон. Манайх өрөмдөгч компани. Өөр үйл ажиллагаа явуулдаггүй. Тиймээс энэ ажлаа хийхийг зорьсон. Энд миний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу