“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

             

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж буй. 

“Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн тендер сонгон шалгаруулалтад орсон талаар мэдээллийг шинжээч танилцуулж эхэллээ. 

Шинжээчийн танилцуулснаар, Тус компани нь 2019-2023 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гурван тендерт оролцож, нийт 706 тэрбум 839 сая төгрөгийн гэрээг байгуулжээ. Мөн 2021 онд зохион байгуулсан Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон байна. Уг гэрээний үнийн дүн нь 715 тэрбум 956 сая төгрөг байжээ. Үүнд дараах зөрчлүүд илэрсэн. 

  • 2021 онд 221 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил хийх гэрээ байгуулжээ. Уг ажилд “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй гэж захиалагч үзэн татгалзсан. Гэтэл шүүхэд гомдол гаргаж, гэрээ байгуулжээ. 
  • 2023 онд 183 тэрбум 957 сая төгрөгийн үнэ бүхий Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын тендерт шалгарчээ. Уг тендерт шалгараагүй “Мера” ХХК-аас шүүхэд гомдол гаргасан байгаа аж. 
  • 2019 онд Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох таван багц ажлын тавдугаар багцад “Спейшл Майнинг Сервис” ХХК шалгарч, 301 тэрбум 753 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Үүнийг нь тендерт оролцсон бусад компаниуд хүлээн зөвшөөрөлгүй, Сангийн яаманд гомдол хүргүүлсэн. Эл гомдлын дагуу Сангийн яамнаас дахин үнэлэх албан бичиг хүргүүлсэн. Гэвч  Үнэлгээний хороо дахин үнэлэхгүйгээр шийдвэр гаргажээ.. Иөн эл шийдвэрээ бусад компаниудад мэдэгдээгүй аж. 

Үүний дараа Түр хорооны гишүүн Г.Ганболд: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэг зүйл байгаа юм. Ирсэн тендерээ өөрсдөө хүчингүй болгоод байдаг. Эсвэл маргаан үүсгээд шүүх рүү явуулдаг. Өөрөөр хэлбэл, Тендер зарлаад түүнийгээ маргаантай болгодог. Маргалдуулж байгаад хүчингүй болгож дахиж зарладаг. Ингээд тендер будилаад ажил зогсох гээд байна гээд өмнөх гэрээгээ сунгаад байдаг юм байна. Үүнийг би хулгайн нэг хэлбэр гэж хардаг. Хуулийнхан анхаараарай.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Энэ компани дээр улс төрйин хамаарал гарч ирсэн. Тун сонирхолтой этгээд бий. 

“Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал нь Батбаярын Баттулга. Тэрбээр,

  • “Туул кашемир” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Эл компанид өмнө нь Дамдинсүрэнгийн Хишигт хувьцаа эзэмшиж байсан. Д.Хишигт нь УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн гэр бүлийн хүн.
  • “Дипропертийз” ХХК-ийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Гантөмөрийн Түвдэндоржтой хамт үүсгэн байгуулжээ.
  • “Чингис хаан голд” ХХК-ийг 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Эл компанийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж үүсгэн байгуулсан юм байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу