Украины Дээд Радын гишүүн асан Илья Киваг дуу намсгагчтай буугаар буудан хөнөөсөн талаар хууль сахиулах байгууллагууд ТАСС агентлагт мэдээлжээ. Тус агентлагт нэгэн эх сурвалж “Илья Киваг үл таних этгээд дуу намсгагчтай зэвсэг ашиглан хөнөөсөн байх магадлалтай. Түүний цогцсыг зочид буудлын цэцэрлэгт хүрээлэнгээс олсон” гэж ярьсан байна.

Оросын мөрдөн байцаах албанаас Илья Кивагийн толгойдоо бууны шархтай цогцос Москвагийн ойролцоох Одинцово дүүргийн Супонево тосгоны зочид буудлуудын нэгний цэцэрлэгт хүрээлэнгээс олдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлжээ. Хууль сахиулагчид хэргийн газарт ажиллаж, бүх нөхцөл байдлыг тодруулж, хяналтын камерын бичлэгийг хураан авсан байна.

Оросыг дэмждэг Иллия Кива 2022 оны хоёрдугаар сард буюу дайн эхлэхээс сарын өмнө Москва руу зугтаж, Украины эрх баригчдыг онлайнаар болон Оросын төрийн телевизийн ярилцлагуудаар байнга шүүмжилдэг байжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн Украины эх сурвалж уг аллагыг Украины аюулгүй байдлын алба үйлдсэн тухай мэдээлсэн байна. Украины Цэргийн тагнуулын төлөөлөгч Андрей Юсов үндэсний телевизэд өгсөн тайлбартаа аллагад Киевийн тал оролцсон талаар цухуйлгаад, “Ийм хувь тавилан Украины бусад урвагчид болон Путины дэглэмийн гар хөл болсон хүмүүст ч тохиолдох болно” гэжээ.

Украины шүүх Кивад эх орноосоо урвасан хэргээр 14 жилийн хорих ял оноогоод байсан аж.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу