“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

           

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж буй.

“Тавантолгой оператор түншлэл” компанийн оролцсон тендер шалгаруулалтын талаар шинжээч танилцуулж байна. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 онд зарласан Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгох 799 тэрбум 369 сая төгрөгийн тендерт шалгарч, гэрээ байгуулжээ. Ингэхдээ тендер сонгон шалгаруулалт гурван шаттайгаар, жилийн хугацаанд процесс өрнөсөн байна. 

Тодруулбал, эхний шат 2019 онд болж, “Монголиан контракт майнинг сервис” болон бусад хоёр компани оролцжээ. Харин хоёрдугаар шатнаас “Тавантолгой оператор түншлэл” компани орж ирсэн байна.

Гуравдугаар шатанд “Тавантолгой оператор түншлэл”, “Монголиан контракт майнинг сервис” гэх хоёр компани үллджээ. Улмаар Үнэлгээний хорооноос “Монголиан контракт майнинг сервис” компанийг тендерт шалгаруулсан.

Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уг шийдвэрийг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраар хянуулахаар буцааж, тус газар нь гэрээний бүрдэл дутуу хэмээн үзсэн байна. Ингээд Үнэлгээний хороо бүх тендерээс татгалзжээ.

Энэ асуудлаар “Монголиан контракт майнинг сервис” Сангийн яаманд гомдол гаргахад, захиалагчийн талд шийдвэрлэж, гомдол гаргасан компаниас 20 сая төгрөгийг улсын орлого болгон авчээ. Улмаар “Монголиан контракт майнинг сервис” компани шүүхэд хандсан байна. Гэвч шүүх мөн л захиалагчийн талд шийдвэрлэжээ. Эцэст нь “Монголиан контракт майнинг сервис” компани “Тавантолгой оператор түншлэл”-д нэгджээ. Ингэж тэд тендер авсан байна.

“Тавантолгой оператор түншлэл” нь,

  • “Эрдэс майнинг оператор” ХХК,
  • “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК,
  • “Платинумланд” ХХК,
  • “Овоот толгой ресурс” ХХК гэсэн дөрвөн компанийн түншлэл аж. Эдгээр компаниуд нь дараах байдлаар улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбогдож байна. 

З.Энхболд – “Эрдэс майнинг оператор” ХХК-ийг Рэгзэнгийн Батхишиг, Батын Даваадулам нар хамтран эзэмшдэг. Р.Батхишиг нь Зандаахүүгийн Хишигтогтохтой “Эм жэй Ти” ХХК-ийг хамтран байгуулжээ. З.Хишигтогтохын ах Зандаахүүгийн Энхболд энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан.

А.Гансүх – З.Хишигтогтох нь  “Кэй Эйч Кэй” ХХК-д хувьцаа эзэмшдэг.  Тус компанийг Амаржаргалын Гансүх үүсгэн байгуулжээ. А.Гансүх нь тухайн үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн тэрбээр Зам тээврийн сайд байсан юм. 

Ш.Адьшаа – “Эрдэс майнинг оператор” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан Б.Даваадулам нь “Тив транс” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Тус компанид Ширнэнбандийн Болдхуяг хувьцаа эзэмшдэг. Ш.Болдхуяг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү юм. 

Х.Баттулга – “Овоот толгой ресурс” ХХК-ийг Беларус улсын иргэн Слободски үүсгэн байгуулжээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэгдмэл сонирхолтой. 

Д.Гэрэл – “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн 50 хувийг Мөнхсаруулын Чингүн эзэмшиж байжээ.  М.Чингүн нь “Хөхдэй хайрхан” ХХК-ийг Доржпаламын Амартай хамтран үүсгэн байгуулсан. Д.Амар нь ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү юм.

ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ПРОЦЕСС:

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу