Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр (2023.12.07) өндөрлөлөө.

Дөрвөн өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шатанд давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 нь ирж оролцов.

Сонсголын хоёрдугаар шат арван хоёрдугаар сарын 18-22 өдрүүдэд болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт;
  • Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ;
  • Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн зургаан сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах юм. Энэ үеэр дуудах гэрчүүдийн нэрийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд зарлана.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу