Нүүрсний хулгайн нотлон баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат дөрвөн өдрийн турш болж, өндөрлөлөө. Эхний шатанд орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн талаар болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий мэдээлэл, тендер сонгон шалгаруулалтын талаарх баримтыг судалсан.

Сонсгол эхлэхээс долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-нд гэрчүүдийн нэрийг зарлахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг дуудсан. Гэвч түүнийг сонсголд оролцуулаагүй юм. Үүний шалтгааныг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа “Б.Ганхуягийг гэрчээр дуудах тогтоолыг миний бие шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Гэвч тэр хүн шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа учраас боломжгүй гэсэн. Шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх боломжгүй.

Хэрэв өөрчлөх гэвэл би өөрөө гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Мөн Үндсэн хууль зөрчсөн гэдгээр огцроход хүрнэ” хэмээсэн.

Үүний дараа түр хорооны гишүүн С.Ганбаатар “Б.Ганхуягийг цахимаар ч болтугай оруулж болохгүй юу” гэхэд “Энэ асуудлыг та хариуцаж, шүүхтэй уулз” гэж байв.

Энэ дагуу нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очжээ. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун түүнд хоёр албан бичиг өгсөн байна. 

Эхнийх нь, Түр хорооноос Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт ирүүлээгүй гэжээ. 

Хоёр дахь албан бичигт, Б.Ганхуягт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Тиймээс түүнийг сонсголд оролцуулах эсэх асуудал нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй гэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу